УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.30/ УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гэмт хэргийн тухай хуулийн төсөл өргөн барив.
Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг /Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга/ боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч танилцуулав.
Өнөөгийн Эрүүгийн хуульд хууль зүйн техник буюу хуулийн бүрдэл хэсгийн хоорондын уялдаа холбоо, хэм хэмжээний бүтэц, хэл зүйн найруулга, холбоос үгний сонголт, нэр томъёоны оноолт тогтож хэвшээгүй, нэг мөр болоогүй учраас хуулийг иргэд төдийгүй хуульчид ойлгож хэрэглэхэд хүндрэлтэй, шүүх, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид нэг хэргийн хувьд хуулийг олон янзаар тайлбарлаж хэрэглэх явдал түгээмэл байна. Иймд Эрүүгийн хуульд баримтлах хууль зүйн техникийн жишгийг шинээр тогтоосны үндсэн дээр хуулийн эх бичвэрийг бүхэлд нь хянан үзэж, тусгай ангийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.