Яамдын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Яамдын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам,  Холбооны бүгд найрамдах Бразил улсын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо болов.

Уг зөвлөлдөх уулзалтад манай талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Б.Одонжил, Бразилийн талын төлөөлөгчдийг тус улсын ГХЯ-ны Ази, Далайн орнуудын газрын ерөнхий захирал Франсиско Мауро де Холанда нар тус тус тэргүүлэн оролцов.

Монгол, Бразилийн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, төлөвийн талаар зөвлөлдөж, олон улсын болон бүс нутгийн сонирхсон асуудлаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааг талуудын бодит боломжид тулгуурлан уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, жуулчин зэрэг боломжтой бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхэд Гадаад харилцааны яамдын зүгээс дэмжин ажиллахаа хоёр тал илэрхийлэв.

УИХ дахь Монгол, Бразилийн бүлгийн дарга Ш.Сайхансамбуу, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр,  Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал нар Монгол Улсад суугаа Бразил улсын Элчин сайд Клодоалдо Угенейг зөвлөлдөх уулзалтын хүрээнд хүлээн авч уулзлаа гэж Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж