Манай улсад сэтгэл зүйч мэргэжлээр төгсгөдөг зургаан их, дээд сургууль бий. Жилд ойролцоогоор 150 гаруй сэтгэл зүйч хөдөлмөрийн зах зээлд гардаг гэсэн үг. Гэтэл тэдний хэд нь мэргэжлээрээ ажиллаж, нийгмийн сайн сайхны төлөө үйлчилж байна вэ гэдэг нь тодорхой бус юм. Мөн нийгмийн бухимдал ихтэй энэ үед мэргэжлийн бус хүн сэтгэл зүйн зөвлөгөө өгч бизнес эрхэлж байгаа нь энэ салбарын хамгийн том дутагдал юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн сэтгэл зүйчид ажлаа сайн хийх хэрэгтэйг өнөөдрийн нийгэм харуулж байна. Тэгвэл эрдэнэтийн иргэдийн сэтгэлийг “засах” “Катарсис” эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Уг эмнэлгийн ерөнхий эмч Ц.Батаа хүний их эмч, сэтгэцийн эмгэг-мансуурал судлаач, сэтгэл засалчаар олон жил ажилласан юм. Тэрээр Орхон аймагт “Архидалт, мансуурлын эрсэг ассиоцаци”-ийн салбар, архинд донтох өвчнийг эмчлэх “Минесота загвар” сэтгэл засал, эмчилгээний арга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Эмнэлэг сувиллын албанд “Сэтгэл заслын ховс, психоанализ” “Аутотренинг 1” эмчилгээний шинэ арга нэвтрүүлсэн юм. Тодруулбал, архидалт, мансуурал, сэтгэцийн эмгэгийг анагаах чиглэлээр сүүлийн арав гаруй жил ажилласан ажээ. Иймд сэтгэл зүйн зөвлөгөө авах, тулгамдаж буй асуудалдаа гарц хайж байгаа иргэд ихсэж байгаа энэ үед “Катарсис” эмнэлэг үнэнч туслах нь болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Тус эмнэлэг ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөхөөс гадна сэтгэл зүйн харилцаатай холбоотой төрөл бүрийн сургалт явуулах гэнэ. “Сэтгэл түвшин амьдралын гарц” уриатай уг эмнэлэг гуравдугаар хорооллын зургаадугаар байрын дунд байрлаж байна.
Дашрамд дурдахад, манай аймагт сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг “Бодь шид” төв үйл ажиллагаагаа явуулаад удаж байна. Энд хоёр сэтгэл зүйч ажилладаг бөгөөд гэр бүл, хүүхдийн чиглэлээр зөвлөгөө өгдөг юм.
О.ГЭРЭЛМАА
Эх сурвалж: www.erdenetinfo.mn