УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.30/ УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Зөрчлийн тухай хуулийн төсөл өргөн барив.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Гэмт хэргийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл 16 бүлэгтэй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангид зарчмын шинжтэй зарим зүйлийг Гэмт хэргийн тухай хуулийн ерөнхий ангитай уялдуулсан байна.
Монгол Улсад хууль сахиулагч нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын доод хэмжээгээр тодорхойлох заалтыг баримталж, түүнээс доош хохирол учирсан байвал “захиргааны зөрчил” гэж үзэн шийдвэрлэж хэвшсэн. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа хүнд захиргааны хариуцлага хүлээлгэхдээ үнэлгээчин, хууль сахиулагчийн үзэмжээр хохирлын доод хэмжээнд хүргээгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгон ял завшуулдаг. Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй хулгайг “ашиглан шамшигдуулах” зөрчил гэж үзэж торгох төдийгөөр шийтгэж байгаа нь гэмт хэрэг, зөрчлийг материаллаг шинжээр ангилсны хор, уршиг гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн байна. Зөрчлийн тухай хуулийн төслийн тусгай ангийн бүлэглэл нь Гэмт хэргийн тухай хуулийн төслийн тусгай ангийн бүлэглэлтэй адил байдлаар эрэмблэгдсэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.