ХАОАТ-ыг хөнгөлөх горимын саналыг унагав

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

ХАОАТ-ыг хөнгөлөх горимын саналыг унагав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй бөгөөд ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж буй юм.

Гэхдээ УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж чадахгүй унасаар байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар "Бага, дунд орлоготой иргэдийн Хүн амын орлогын албан татвар /ХАОАТ/-ыг хөнгөлөх” горимын санал гаргасныг дэмжих эсэх асуудлаар санал хураалгахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Мөн "Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх" гэсэн горимын саналыг олонхи гишүүн дэмжээгүй тул горимын санал гаргасан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар цөөнх болов.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар "Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулъя", "Төрийн байгууллагын албан тушаалтан баяр ёслол, ойн арга хэмжээний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргахыг хориглох", "Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглох" гэсэн горимын санал мөн олонхийн дэмжлэг хүлээгээгүй тул цөөнх боллоо.  

Харин ганц санал дэмжлэг хүлээсэн нь дээрх тогтоолын төсөлд тусгагдсан 23 арга хэмжээний нэг болох "Хөгжингүй орны иргэд болон гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн зориулалттай болон олон удаагийн визний дэглэмийг тааламжтай, урт хугацаатай болгох" тухай заалтыг дотоодын баялаг бүтээгчдэд илүү ашигтай байдлаар томъёолох талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт санал гаргасан нь дэмжигдсэн юм. Тодруулбал, "Дотоодын аж ахуйн нэгж, компанийн захирлуудад албан паспорт буюу бидний нэрлэж заншсанаар ногоон паспорт олгох замаар гаднаас хөрөнгө технологи оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлэх" гэсэн агуулгыг нэмж оруулах санал гаргасныг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж