Нойрссон гүнж амилсан үдэш

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Нойрссон гүнж амилсан үдэш

 Өнгөрсөн
баасан гаригт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт олны анхаарлыг татсан
нэгэн онцгой үдэш болсон нь балетын гоцлооч Г.Цолмонгийн уран бүтээлийн
тоглолт байв.

Хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн
хамгийн урт бүжгэн жүжигт тооцогддог алдарт “Нойрсож буй гүнж”-ээр
тоглолт эхлэв. Завсарлагуудыг тооцохгүй бол гурван цаг шахам
үргэлжилдэг, гурван үзэгдэл бүхий энэхүү бүжгэн жүжиг балетчидаас
гарамгай техник, тэсвэр хатуужлыг гойд ихээр шаарддаг гэдэг.  

Хамгийн
дүрслэл их шаардсан гол дүртэй бүжгэн жүжгийн нэг гэгддэг “Нойрсож буй
гүнж” Г.Цолмонгийн хамгийн хайртай балет. Тийм ч болоод тайзан дээр
тэрбээр 16 настай энхрий хонгор Аврора гүнжийн дүрээр амилан гарч
ирсэн.

Чайковскийн хамгийн урт балетыг товчилсон
найруулгаар 30 хүрэхгүй минутад дэглэж, бүжигчний ур чадварыг харуулах
хэсгүүдийг онцгойлсон нь бүжгэн жүжиг сонирхогчдод таалагдаж чадсан.

“Нойрсож
буй гүнж” бүжгэн жүжгийн хамгийн алдартай хэсэг болох нэгдүгээр
үзэгдлийн “Сарнай адажио” /rose adagio/ үзэгчдийн догдлон хүлээдэг мөч
байдаг. 16 насныхаа төрсөн өдрийн цэнгүүн дээр Аврора гүнж дөрвөн
жононтой танилцана. Тэд гүнжид ёслон мэхийж, гарыг нь барин мэндчилэх
тэр хэсэг балетчинаас гойд чадварыг шаарддаг аж. Ханхүү болгонтой гар
барин мэндчилэх хооронд Аврора ямар ч тулгуур, дэмжлэггүйгээр арабеск
хийдэг тэр хэсэг бүжигчнээс дээд зэргийн тэсвэр хатуужил, ур чадвар,
онцгой техникийг шаардана. Үүнийг “Хунт нуур” бүжгэн жүжгийн алдарт “32
эргэлт”-тэй тэнцэхүйц хэмжээний хүнд хэсэг гэж тооцдог. Гэвч 1992 оноос
хойш өнөөдрийг хүртэл бүжгэн жүжгийн тайзан дээр амьдарч ирсэн балетын
гоцлооч Г.Цолмонд “Сарнай адажио”-г амжилттай гүйцэтгэж, үзэгчдийн
халуун алга ташилтыг хүлээх нь цоо шинэ зүйл биш билээ. Тайзыг тэр
эзэгнэж чадсан.

 Тоглолтын
хоёрдугаар хэсэг А.Аданы “Жизель” балетын па-де-де-гээр эхлэж,
Г.Цолмон, театрын шинэ үеийн эрэгтэй гоцлоочдын нэг М.Одын хамт гоцлож,
бусад эмэгтэй бүжигчид тоглосон юм. Бүх балетчид цагаан өнгийн даашинз
өмсдөг учраас “Цагаан үзэгдэл” ч гэж нэрлэгддэг уг бүжгэн жүжгийн
хоёрдугаар үзэгдлийн па-де-де нь хос гоцлоочоос маш драматик, нарийн
техник шаардахын зэрэгцээ эрэгтэй бүжигчин өргөлт ихтэй хүнд хэсгүүдийг
гүйцэтгэдэг. Үүний дараа театрын шинэ “хун” балетын гоцлооч Б.Саруул,
Х.Мөнгөнхөлөг нар Р.Шедриний “Кармен” бүжгэн жүжгийн сюит дээр гоцлосон
нь үзэгчдээс халуун алга ташилтыг хүлээж чадсан.

Энэ
үдшийн “хатан хаан” Цолмон, балетын гоцлооч О.Ганцоожийн хамт “Ромео
Жульетта” бүжгэн жүжгийн адажиод гоцлов. Тэрбээр нэгэн ярилцлагадаа
“Миний хамгийн тоглох дуртай бүжгэн жүжиг бол Нойрсож буй гүнж, Ромео,
Жульетта хоёр. Энэ хоёр бүжгэн жүжгийн дүр надад их зохиод байх шиг
санагддаг” гэж ярьсан байсан. Үнэхээр түүний зөв санагдаж байлаа. Тэр
тайзан дээр жинхэнэ гал халуун хайрандаа шатсан дурлалт бүсгүй Жульетта
шиг харагдаж байв.

Пэччикатогийн “Пэччикато”
бүжгэн жүжгийн хэсэгт “Сити балет” сургуулийн сурагч дөрвөн бяцхан охид
бүжиглэсэн нь үзэгчдийн хайрыг хүлээсэн.

Дараа нь
балетын гоцлооч Г.Цолмон, Ч.Ганчимэг, Б.Саруул, Б.Баасансүрэн нар 2009
оны сүүлээр Японы “Комаки балет”-ын урилгаар хамтарсан тоглолтод очиж
оролцохдоо тоглосон Пунигийн дөрвөлсөн бүжиг “Па-де-катр”-ыг Монголын
үзэгчиддээ толилууллаа. Балетчин Э.Эрдэнэжаргалын ганцаарчилсан
тоглолтыг энд дурдахгүй байхын аргагүй. Тэрбээр Японы орчин үеийн
хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Юки Нишимурагийн “Өөрчилье” нэртэй
хөгжим дээр Н.Чинзоригийн дэглэсэн гайхалтай содон бүжгээр үзэгчдийн
сэтгэлийг хөдөлгөж чадсан. Сунамтгай уутан дотор бүхэл биеэрээ орсон
“хэн нэгэн” өөрчлөлт рүү тэмүүлж байгаа санаа… Бүжгэн жүжгийг, модерн
хэлбэртэй хослуулсан нь үзэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлж чадсан болов
уу. Энэ үзүүлбэр тоглолтын хамгийн үзүүштэй хэсгийн нэг байлаа. Битүү
уутан дотроос өөрийгөө илэрхийлэхээр чармайж буй, магадгүй өөрчлөлт рүү
тэмүүлж буй тэр “хэн нэгэн” бүжгийн төгсгөлд ил гарч ирсэн юм. Хар
дотоожноос өөр хувцасгүй тэр гарч ирмэгцээ хар зангиа нүцгэн хүзүүндээ
тохно. Шинэлэг байсан шүү. Браво, Браво. Үзэгчид сэтгэл хөдлөлөө ингэж
илэрхийлж байв.    

 Тоглолтын
сүүлчийн үзүүлбэр Л.Минкусын “Пахита” бүжгэн жүжигт Г.Цолмон, О.Ганцоож
нар гоцлож, балетын бүх жүжигчид бүжиглэсэн. Тоглолтын төгсгөлийн мөчид
бүх бүжигчид тэнгэрт шувуу шиг дүүлцгээв. Тэд хүн биш шувуу юм шиг л…
Энэ үдшийн хамгийн хүндтэй “хүн-шувуу” Цолмон Танд баярлалаа. Сонгодог
урлагийн хязгааргүй уудамд дүүлэн ниссэн он жилүүдэд тань баярлалаа.

“Балет
шунал хөдөлгөсөн тэнгэрлэг урлаг. Уран бүтээлч хүн нэг л дурлаад зүтгэх
юм бол илүү хийхийг хийх гэж зүтгэдэг, тэмүүлдэг тийм сайхан урлаг” гэж
тэрээр нэгэнтээ ярьж байсан.

Тайз өөрөө их харгис. Нэг л өдөр таны нас боллоо гээд хайр, найргүй шууд л түлхэж, баяртай гэдэг… Энэ ч түүний үг.

…Үзэсгэлэнт
“хун шувууд” бүгд үүнтэй эвлэрнэ. Тэр ч бас. Хоёр жилийн дараа тэрбээр
тайзаа орхих ч их урлагаа мартахгүй. Нойрсож буй олон хөөрхөн гүнж
төрүүлэх их үйлсэд тань сайныг хүсье.

Балетын гоцлооч, СТА Г.Цолмон одоо Сити балет сургуульд багшилж байгаа билээ

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж