“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, ахмад Н.Ганхуягтай ярилцлаа.
-Олон нийт ШШГЕГ-ыг хорих газруудад хяналт тавьдаг, хохирогч, холбогдогчдын хоорондын харилцааг зохицуулахын тулд эд хөрөнгө, санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэж, бусдын эд зүйлийг хураадаг гэсэн өнгөц байдлаар дүгнэдэг. Бусад чиг үүргийнхээ талаар танилцуулаач?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн харилцаа нь нийгмийн өвөрмөц төрлийн харилцааг зохицуулдаг. Үүнийг онолын болон олон нийтийн хэрэгслээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл гурван төрлийн харилцааг зохицуулна. Нэгдүгээрт нийгмийн өвөрмөц харилцаа буюу олны хэлдгээр нөхцөлөөр хязгаарлагдсан хүнийг хянаж, харгалзан, хорих ял эдлүүлдэг. Хоёрдугаарт ял эдлэгч болон төлбөр төлөгчтэй холбоотой харилцаанд онцгой буюу хуульд заасан тохиолдолд хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаг. Гуравдугаарт энэхүү харилцаа биелэхгүй буюу дийлэхгүй бол төрийн албадлага хэрэглэдэг.
Ялтныг хорих, цагдах, төлбөр, эд мөнгөтэй холбоотой харилцаа бол нийгэмд түгээмэл ажиглагддаг байх. Манай хамт олны хувьд сүүлийн жилүүдэд ял эдлэгсдийг нийгэмшүүлэх, нийгэмд бие даан амьдрах дадал чадварыг эзэмшүүлэх чиглэлээр түлхүү ажиллах зорилт тавьж байгаа.
Хэрэгжүүлж буй чиг үүргээс хамаарч Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу хүмүүсийн мэддэгээр төлбөр мөнгө, албадан дуудлага худалдаа зэрэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл эрх зүйн этгээдийн эдийн болон эдийн бус байдалтай холбогдсон харилцаа гэдэг. Хорих ял эдлэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй, тухайн этгээдэд ялыг эдлүүлэхтэй холбоотой харилцааг тогтоол гүйцэтгэх гэж нэрлээд байгаа юм. Мөн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх харилцааг зохицуулдаг.
-Мэдээж энэ ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилладаг байх. Ойролцоогоор хэд вэ. Ажлын нөхцөл ч амаргүй байх?
-Манай байгууллагын бүрэлдэхүүнд 3000 гаруй албан хаагч ажиллаж байгаа. Өөрийн тань хэлснээр нөхцөл байдлын тухайд хөдөө орон нутагт зам харгуй, дэд бүтцээс хол зэргээс хамаараад эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдацаас орхигдож, алслагдах тохиолдол гардаг. Жишээлбэл Булган аймгийн онцгой дэглэмтэй анги Эрдэнэт хотоос 40 гаруй км-ийн зайтай. Хүмүүсийн мэддэг Авдрантын хорих анги ч ялгаагүй замаас алслагдсан байршилтай шүү дээ. Энэ мэтчилэн дэд бүтцээс хол байдаг албан хаагчдын нийгмийн болон эдийн засгийн баталгаа хангагдах боломжийг хязгаарлачихдаг.
Гэр бүл, үр хүүхдээсээ тусдаа, хоёр өөр газар ажиллаж, амьдардаг албан хаагч олон бий. Саяхны судалгаагаар 800 гаруй хүн гэр бүлээсээ тусдаа амьдарч байна. Энэ нь эргээд гэр бүлийн хувьд ч тогтворгүй байдал бий болох сөрөг үр дагавар дагуулахыг үгүйсгэх аргагүй.
-Тэгэхээр энэ бүхнийг зохицуулах боломж хэр байгаа вэ?
-Байгууллагын зүгээс нэг системд ажилладаг гэр бүлүүдийг бол зохицуулж байгаа. Гэтэл эхнэр, нөхөр хоёрын хэн нэг нь манай системийнх бол нэлээд хүндрэлтэй. За яах вэ, ажлын байрны асуудлыг нь шийдвэрлэлээ гэхэд тухайн газар хүүхдийг нь сургаж, хүмүүжүүлэх боломжийг харахад л ойлгомжтой. Тухайлбал Хорих 403 дугаар анги дэргэдээ цэцэрлэг байгуулах гэж байна. Энэ нь сайшаалтай ч үнэн хэрэгтээ хүүхдийн суурь эрхийг хангаж чадахгүй. Иймэрхүү байдлаар шийдвэрлэхээр зорьж байгаа ч зарим тохиолдолд нийгэм, эдийн засгийн нөхцөл зэргээс шалтгаалаад бүрэн шийдэхгүй байна.
-Хүн тухайн ажилдаа хэдий сайн, дуртай байлаа ч нийгмийн баталгаагүй, ар гэртээ асуудалтай бол албан үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй. Үүнийг дагаад саар зүйлүүд буюу авлигад өртөхөөс эхлээд асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Үүнээс албан хаагчдаа сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?
-Албан бус судалгаагаар доод шатны албан тушаалтан буюу ахлагчийн бүрэлдэхүүн хянагчаар ажилладаг. Гэтэл хянагч нарын 90 хувь нь цалингийн зээлтэй байх жишээтэй. Энэ нь эргээд эдийн засгийн баталгаа алдагдаж байгаагийн илрэл. Уг нь тусгай цэргийн үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн нийгэм, улстөр, эдийн засаг, хууль зүйн баталгааг төр өөрөө хариуцаад явах ёстой юм. Гэтэл ганц манай систем гэлтгүй баталгаагаар хангаж чадахгүй байгаа нь харамсалтай. Үүнийг дагаад дээр хэлсэн нийгмийн сөрөг үзэгдлүүд бий болох нөхцөл бүрдээд байна.
Бидний зүгээс хамгийн боломжит арга буюу албан хаагчдынхаа оюун сэтгэхүй, ёс зүйтэй л ажиллаж, хуулийг сахих, дээдлэх ёс суртахуун суулгаж байгаа. Энэ талын арга заслуудыг эхний ээлжинд хийж, хэрэгжүүлдэг. Угаасаа өнөөгийн нийгэмд бүх хүний цалинг шатласан байдлаар нэмэгдүүлээд байх боломжгүй шүү дээ.
-Нийгмээс тусгаарлагдсан хүмүүстэй харилцахын тулд албан хаагчдад тань сэтгэл зүйн маш өндөр бэлтгэл, мэдлэгтэй байх бас шаардлага тавьдаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Сэтгэл зүйгээс гадна хувь хүний өндөр чадвар, хуулийн өндөр хэрэглээ, мэдлэг, бие, физиологийн тусгай шалгууруудыг хангах шаардлагатай байдаг. Энэ бүхнийг хангасан, хангахаар зорьж байгаа хүмүүс л ажиллаж байна. Албан хаагчид маань ажилдаа, эрхэлж буй албандаа хайртай, дуртай, хийе гэсэн хүсэл, сонирхолтой болохоор ажилласаар байдаг. Түүнээс ажлын орчин нөхцөлийн хувьд хүнд газрууд бий.
-Мэдээж шүүхийн шийдвэр хүн бүрт тааламжтай сэтгэгдэл төрүүлэхгүй. Тиймээс нэгэнт гарсан шийдвэрийг биелүүлэхгүй тохиолдолд гүйцэтгэгч нар ажиллах болно. Тэдний хувьд амь нас, эрүүл мэндээ хамгаалах боломж хэр байгаа вэ?
-Шийдвэр гүйцэтгэх болон тогтоол гүйцэтгэх ажиллагаанд анхаарах зайлшгүй шаардлагатай асуудал нь энэ. Албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэх, эрх чөлөөнд нь халдах, цаашлаад амь насанд нь халдсан тохиолдол ч гарсан шүү дээ. Тиймээс аюулгүй байдлыг нь зайлшгүй анхаарах, ингээд зогсохгүй бүрэн утгаар хангах шаардлага тулгарчихаад байна. Тиймээс энгийн үйл явцын үед ашиглах техник хэрэгслээр хангахаас эхлээд шат дараалсан арга хэмжээг судлаж, боломжийнхоо хэрээр шийдвэрлэж байгаа.
-Гэхдээ хуулийн дагуу ч хувьдаа ашигтайгаар ажилладаг буюу ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гүйцэтгэгч нар бас байна биз?
-Шийдвэр гүйцэтгэгч нар маань өвөрмөц төрлийн харилцааг зохицуулдаг. Төлбөр төлөгч болон авагчийн эрх чөлөөг хуульд зааснаар хязгаарлах, албадах эрхтэй байдаг. Үүнийг хэрэглэхээр тухайн иргэдэд тэр бүр таалагддаггүй. Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу ажлаа гүйцэтгэж байна гэж харагддаггүй. Хэдийгээр нийгэмд тааруухан харагдаад байгаа боловч энэ ажиллагаа өнөөг хүртэл тасралтгүй явагдаж байна. Энэ нь цаад өргөн агуулгаараа бол хуулийн хүрээнд явагдаж байгаа. Мэдээж олны дотор сайнтай, муутай учраас бүгд өндөг шиг өөгүй гэж хэлж чадахгүй. Харилцааны болон ёс зүйн алдаа гаргасан тохиолдол бий. Тэрийг дотооддоо шалгаад, зохих журмын дагуу шийдвэрлээд явж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болж буй нийгэм өөрөө зөв ойлгож, харах ёстой. Мөн ажиллагааны оролцогч болдог шийдвэр гүйцэтгэгч ч хууль журмаа чанд сахиж, ёс зүйн өндөр ухамсартай байх учиртай.
-Дээр хэлсэн гурван чиг үүргийн дагуу ажиллаж буй албан хаагчдаа дотооддоо сэлгэдэг үү?
-Өнгөрсөн онд сэлгэн ажиллуулах журам гаргасан. Үүний дагуу албан хаагчдын туршлага, мэдлэг чадварыг үндэслэн туршлага солилцуулах байдлаар дотор нь сэлгээ хийж байгаа. Тухайлбал нэг үүрэгт ажлыг 10 түүнээс жил хийсэн ч үр дүн нь нэг хэвийн байвал бол солихоос аргагүй. Нэгэнт эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулж байгаа учраас эерэгээр нөлөөлөх байх.
-Монгол Улс шоронжлоо гэх зэргээр нийгэмд таагүй мэдээллүүд бий болоод байгаа. Тэгвэл тэдгээр хорих газруудын нөхцөл хэр байгаа байгаа вэ. Хэдийгээр эрхийг нь хязгаарласан ч тэд хүн?
-Хорих ял эдлүүлэх ажиллагааны эцсийн гол зорилгыг хоригдолтой ажиллах наад захын жишиг дүрмийг олон улсын конвецид заачихсан. Тухайн хүнийг суллагдан гараад нийгэмд бие даан амьдрах дадал, чадварын түвшинд хүргэнэ гэсэн байдаг. Тиймээс бид үүнийг эзэмшүүлэх ёстой. Ингэхийн тулд орчин, нөхцөл, хангалт сайн байх учиртай. Өөрөөр хэлбэл эдгээрийг хослуулсны эцэст ял эдлүүлсний зорилго хангагдах юм. Тухайн хүнийг тодорхой хугацаанд хорих бус дахин алдахгүй байхад сургах учиртай. Нийгмээс таслахгүй, нийцүүлэхийн тулд орчин, хангалт, хоол, үйлчилгээ, үйлдвэрлэл гээд бүгдийг хэвийн түвшинд байлгадаг. Хүний эрхийн судалгаа хийдэг Францын эрдэмтэн Монголын хорих байгууллагын нөхцөл Европын зарим орныхоос сайн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн олон улсын судалгааны байгууллагын Австрали судлаач ч хангалттай нөхцөлтэй гэж үзсэн. Түүнчлэн тогтмол хяналт тавьж байдаг прокурорын болон хүний эрхийн байгууллага, төрийн, төрийн бус байгууллагууд сайн гэсэн дүгнэлт өгдөг.
Шоронжсон гэдэг ярианы тухайд бол бид хангалттай мэдээлэл өгдөг. Эдийн засаг, нийгэм, ял эдлэж байгаа болон ажиллаж буй хүмүүсийн хувьд, бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулахын тулд гэх зэрэг асуудлын зангилаанаас авч үзвэл ямар үр ашигтай болох нь тодорхой харагдана.
-Мэдээлэл өгдөг гэж та сая хэллээ. ШШГЕГ ер нь хэр нээлттэй байгууллага вэ?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулиар нууцад хамаарснаас бусад асуудлын хүрээнд нээлттэй. Бид олон нийтэд нээлттэй бодлогоо тодорхойлж, заасан. Тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд зарим асуудлыг нууцалдаг.
-Ял эдэлж байгаа хүмүүсийн орчин сайн байлаа гээд сэтгэл зүй нь хэр өөрчлөгддөг бол. Олон нийтийн дунд шоронд нэг орсон хүн дахиад хэрэг үйлдэх магадлалтай гэж ярьдаг?
-Хорих байгууллагын хэмжээнд 2000 оны сүүлчээс эхлэн сэтгэл зүйчийн орон тоо шинээр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл өнөөдөр анги болгонд мэргэжлийн сэтгэлзүйч мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн нийгмийн ажилтан ч бий.
Судалгаанаас үзэхэд нийт ял эдлэгсдийн 38 хувь нь давтан гэмт хэрэгтэн байдаг. Үнэхээр олны хэлдэг шиг орсон болгон буцаад ирдэг бол энэ хувь 83, 93 байх магадлалтай шүү дээ. Тэгэхээр өрөөсгөл ойлголт. Хоригдож байгаа хүмүүс ч сэтгэл зүйн засал, бясалгалын хичээлүүдэд маш сайн хамрагддаг. Энэ нь маш эерэг нөлөө үр дүнтэй байна гэсэн үг.
-Та бүхэн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан ажиллуулаад нийгэмшүүлэхээр зүтгээд байдаг. Гэтэл үнэхээр суллагдаад гарахад нь нийгэм хүлээж авахгүй бол ажлын үр дүн талаар болох нь ээ?
-Олон улсын туршлагаар бол ялтныг нийгэмшүүлэх ажил ял эдлэж байх үеийн, суллагдсаны дараах гэсэн байдлаар явагддаг. Манайд эрх зүйн хувьд ч, бодит байдалд ч ял эдлэж байх үеийн нийгэмшүүлэх орчин байдаг. Харамсалтай нь суллагдсаны дараах нийгэмшүүлэх асуудал бараг алга. Төрийн бус ганц, хоёрхон байгууллагыг эс тооцвол шүү дээ. Хууль эрх зүйн орчин ч алга. Тэгэхээр хорихоос гараад, буцаад ирж байгаа хүмүүсийг хүмүүжээгүй гэвэл бас л өрөөсгөл ойлголт.
Ж.НАРАНГЭРЭЛ
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ" сонин