Хот суурин газрын агаарын чанар
Өмнөх нийтлэлүүдийг www.news.mn болон www.news.mn линкээр орж үзнэ үү.
АГААРЫН ЧАНАР
Энд Улаанбаатар хотын агаарын чанар одоо ямар байгаа тухай тайлбарлахгүй, энэ талын мэдээлэл http://www.tsag-agaar.gov.mn/ цахим хуудас дээр өдөр бүр мэдээлэгдэж байдаг. Дээрхи цахим хуудаснаас Улаанбаатар хотын агаарын чанарын тухай мэдээллийг өдөр, сар, улирал, жилийн явцаар харж болдог.
Улаанбаатар хотын өдөр бүрийн агаарын чанар ямар түвшинд байна вэ гэдгийг мэргэжлийн бус хүн яаж ойлгож чаддаг болоход нь туслахыг хичээе.
Бохирдлын эх үүсвэрээс нэгж хугацаанд ялгаран гарах хийн хэмжээг тодорхойлохдоо тусгай зориулалтын багажаар хугацааны агшин бүрт хэмжилт хийж хэмжилтийн үр дүнг массаар эсвэл эзэлхүүнээр илэрхийлнэ.
Хот, суурин газарт байгаа бохирдлын үүсвэр тус бүрээс ялгаран гарч буй хийн хэмжээг өдөр бүр хэмжих ямар ч боломжгүй, тэгээд ч агаарын чанарыг ийм аргаар тодорхойлох нь тохиромжгүй. Харин энэ арга нь ямар нэг эх үүсвэрээс нэгж хугацаанд хэдий хэмжээний бодис ялгаран гарах вэ гэх мэт тооцоонд хэрэгтэй байдаг.
Харин хот суурин газрын агаарын чанар ямар байна вэ гэдгийг илэрхийлэхдээ агаарт агуулагдах бохирдуулагч хийн эзлэх хэмжээг концентрац буюу агууламжаар нь илэрхийлэх нь зохимжтой байдаг. Агаар дахь бохирдуулах хийн агууламж буюу концентрацын хэмжээг илэрхийлдэг хэд хэдэн арга байдаг. Эдгээрээс агаарын нягтын хэмжээгээр илэрхийлэх арга нь түгээмэл байдаг. Ямар нэг биетийн массыг нь эзэлхүүнд харьцуулвал тухайн биетийн нягтын хэмжээг илэрхийлдэг.
Энэ нь нэгж эзэлхүүнтэй агаарт төдөн кг (мг,мкг) бохирдуулагч хий байна аа гэсэн үг. Жишээ нь Улаанбаатар хотод 2014 оны гуравдугаар сарын 4-ны өдрийн 15.00 цагийн байдлаар агаарт агуулагдах хүхэрлэг хийн агууламжийн хэмжээ 200 мкг/м3 байлаа гэвэл хааш хаашаа 1 м агаарт 200мкг хүхэрлэг хий байжээ гэж ойлгоно. Энэ хэмжээг юутай харьцуулвал бидэнд агаарын чанарын тухай ойлголт амьдралд илүү ойрхон байх вэ? Харьцуулж болох хэмжээ бол хүний амьсгалах агаар ийм л байвал эрүүл мэндэд хоргүй гэдгийг хэлж өгдөг зөвшөөрөгдөх хэмжээ буюу стандарт хэмжээ гэж байдаг. Монгол улсын стандарт хэмжээгээр (MNS4585;2007) бол Улаанбаатар хотын агаарт агуулагдах хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж нь жилийн аль ч улиралд 1 куб метр агаарт 20 мкг байвал хүний эрүүл мэндэд аюулгүй гэж үздэг. Тэгвэл дээрхи 200мкг-ыг стандартад заасан хэмжээтэй харьцуулбал Улаанбаатарын агаар дахь хүхэрлэг хийн агууламж 10 дахин их байжээ гэж ойлгох хэрэгтэй. Агаарт агуулагдах бохирдуулагч хийн агууламжийг тухайн хийн нягтын хэмжээгээр тодорхойлж судалгаа, тооцоонд ашиглаж, архивын бичлэгт мэдээлэл болгон ашиглахад л тохиромжтой.
Өдөр бүрийн агаарын чанар хир зэрэг байгааг үзүүлдэг өөр нэг арга бол Агаарын Чанарын Индекс (АЧИ) гэж хэмжих нэгжгүй үзүүлэлтийг дэлхий нийтээрээ ашиглаж байна. АЧИ бол тухайн орон нутагт агаарын чанар ямар байгааг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор зохиогдсон. Өөрөөр хэлбэл, өнөөдөр гадаа салхинд гаръя гэвэл гаднах орчны агаар цэвэр байна уу эсвэл эрүүл мэндэд хортой байна уу гэдгийг нийт хүн амд ойлгуулах зорилгоор ашигладаг. АЧИ-ийн тоон утга 0-500 хооронд байна, дотроо зургаа ангилагдах ба тоон утга нь ихсэх тутам агаарын чанар муу байгааг илтгэнэ. АЧИ-ийн тоон утга 100-аас илүү болоод ирвэл агаарын чанар хүний эрүүл мэндэд тааламжгүй болж эхэлнэ. АЧИ –ийн тоон ангилал тус бүр нь маш сайн, сайн, дунд, муу гэх мэтээр тус тусдаа чанараар ангилагдах бөгөөд тухайн ангилал тус бүрт хэрэгжүүлж болохуйц эрүүл мэндийн зөвлөгөөг өгсөн байдаг (Хүснэгт 1). Ангилал тус бүр нь мөн өнгөөр кодлогсон байх бөгөөд тухайн өдрийн агаарын чанар ямар байгааг өнгөөр бас илэрхийлэх боломжтой гэсэн үг.
Хүснэгт 1. Агаарын чанрын индексийн хэрэглэх хүснэгт.
Цаг уур орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын өдөр бүрийн агаарын чанарын мэдээг тодорхой хугацааны дунджаар олон нийтэд зарладаг бөгөөд жишээ болгож 2014 оны гуравдугаар сарын 4-ны өдөр Хүхэрлэг хийн агууламж Улаанбаатар хотын хаана хаана ямар байсан мэдээг Хүснэгт 2 –т үзүүлэв.
АЧИ болон Хүснэгт 2 -ыг ашиглаад хэрэглэгч агаарын чанарын тухай янз бүрийн судалгаа, тооцоо, зураг хийх боломжтой болдог. Жишээ болгож Улаанбаатар хотын төв хэсгээр агаарын чанарын орон зайн тархалт ямар байгааг үзүүлье (Зураг 5, 6). Зураг 5-д Улаанбаатар хотын төв хэсэгт SO2 ын АЧИ ямар байгааг тойрог ашиглаж түүний талбайгаар харьцуулж үзүүлэв.
Зураг 6-д Улаанбаатар хотын төв хэсэгт SO2-ын АЧИ-ийн орон зайн тархалт ямар байгааг интерполяцын аргаар тооцоолж үзүүлэв. Ингэж үзүүлэхдээ мөн л тойрог ашиглаж АЧИ-ийн тоон утгаас хамааруулж тойргийн талбайн өөрчлөлтөөр харьцуулж үзүүлэв. Зургуудаас харвал Улаанбаатар хотын төв хэсгээр АЧИ –ийн тоон утга маш өндөр харин Дунд голоос урагшаа болоод ирэхээр эрс буурч байна.
B.Өлзийсайхан, Б.О. Инженерүүд ТББ
Д.Оюунчимэг, Ус цаг уур, орчны хүрээлэн
Эх сурвалж: