Д.Сугар Ш.Батхүүгийн хэрэгт холбоотой гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Д.Сугар Ш.Батхүүгийн хэрэгт холбоотой гэв

Улсын мөрдөн байцаах газар /УМБГ/-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар нь “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн 6,3 тэрбум төгрөгийн хэрэгт холбоотой байж болзошгүй гэж мэдээллээ.

Ш.Батхүү нь Англи улсын “Стандарт” банкнаас 2009-2010 онд их хэмжээний зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт” ХХК-ийн хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг хуурамчаар үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татаад байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүүг Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон.

Гэтэл энэ хэрэгт тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар холбоотой байж болзошгүй нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс УМБГ-аас Д.Сугарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс түдгэлзүүлж, шалгах хүсэлтийг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж