Нүүрсний урьдчилгаа 17 сая ам.доллар орж иржээ

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Нүүрсний урьдчилгаа 17 сая ам.доллар орж иржээ

Уул уурхайн яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” хурлыг зохион байгуулж, салбарын мэдээллийг өгдөг билээ. Өнөөдөр болсон ээлжит хуралд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн захирал Я.Батсуурь болон яам, агентлагийн төлөөлөл оролцсон юм. Хурлаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон, салбарын сарын орлогын гүйцэтгэл, үйлдвэрлэлийн хэмжээ, Асгатын мөнгөний ордын төсөл, ОХУ-ын “Роснефть” компанитай тохиролцсон үнэ томъёолол, нүүрсний экспортын талаар мэдээлэл өглөө.

450 мянган тонн нүүрс нийлүүлнэ

Энэ сард хамгийн онцлох асуудал нь нүүрсний салбар бөгөөд 450 мянган тонн нүүрсийг тонн тутамд 48.5 ам.доллараар борлуулах гэрээг үзэглэсэн явдал юм. Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д өнгөрсөн жилийн аравдугаар сард хийсэн айлчлалын хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, “Шенхуа энержи” компанийн удирдлагууд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Ингэснээр ирэх 20 жилд Монголоос нэг тэрбум тонн хүртэлх нүүрс нийлүүлэхээр болсон.

Энэ хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК /ЭТТ/  БНХАУ-ын “Shenhua Bayanoerenergy” компанитай энэ сарын 17-нд /04.17/ гэрээ байгуулж, 450 мянган тонн нүүрс нийлүүлэхээр болж, гэрээг Цагаан хадны шилжүүлэн ачдаг нөхцөлөөр хийжээ. Нүүрсний төлбөр 21,8 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувь болох 17.4 сая ам.доллар ЭТТ-н дансанд шилжсэн талаар өнөөдөр хурлын үеэр ЭТТ-н Гүйцэтгэх захирал Я.Батсуурь мэдэгдлээ. Уг 450 мянган тонн нүүрсийг экспортлоход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн бол борлуулалтын гэрээ нь хэлэлцээний шатанд байгаа ажээ.

“Чалко”-гийн өр тэглэх ажил сунжирна гэв

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2011 онд БНХАУ-тай “Чалко”-гийн гэрээг байгуулж байсан бөгөөд тухайн үед нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар худалдах гэрээний үнэ тогтжээ. Гэрээ ёсоор бол 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг Монгол Улс авсан бол одоо өрийн үлдэгдэл 130 сая ам.доллар байна. Хэдэн сарын өмнөөс бодлого тодорхойлогчид “Чалко”-гийн өрийг нүүрсээ нийлүүлж энэ зургадугаар сард дуусгана гэж ярьж байсан юм. “Үлдэгдэл 130 сая ам.долларын үлдэгдэл яг зургадугаар сард дуусах уу” гэсэн асуултад “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Бидэнд үлдсэн өрөө барагдуулах хэмжээний нүүрс бэлэн бий. Гэтэл гэрээний дагуу Чалко компани манайхаас нүүрс авсаар одоо өөрсдөд нь хангалттай их нүүрс хуримтлагдсан байна. Учир нь дэлхийн нүүрсний зах зээл муу байгаагаас тэд манайхаас авсан нүүрсээ борлуулж чадахгүй, хуримтлагдахад хүрсэн байна. Тиймээс энэ зургадугаар сард өрийг тэглэх асуудал удаашрах хандлагатай байна” гэсэн хариултыг өглөө.

Мөн сүүлийн үед Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Чалко”-гийн гэрээнд өөрчлөлт оруулж, нөхцөл байдлыг муутгасан гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ талаар лавлахад тэрбээр “Сүүлийн үед хэвлэлээр ийм ташаа мэдээлэл гараад байна. Хуучин гэрээгээр бол нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар авах талаар тусгасан. Гэрээ байгуулсны дараа дэлхийн зах зээл өнгөрсөн жил эрс муудсаны улмаас БНХАУ үнээ доошлуулах санал гаргаж, бид тонн тутмаас 10 ам.долларын алдагдал хүлээх хэмжээний байсан тул бид өнгөрсөн жилийн эхээр экспортоо зогсоож байсан. Удалгүй экспортыг сэргээн, гэрээнд өөрчлөлт оруулж, бид үйлдвэрлэлийн зардлаа бууруулж байж өнөөгийн хэмжээнд хүрч ажиллаж байна” гэсэн юм.

Хэрэв хуучин гэрээгээр хэвээр байсан бол дээр хэлсэнчлэн тонн тутмаар 10 ам.доллар, энэ хугацаанд нийт 17 тэрбум төгрөгийн алдагдалыг Монгол Улс хүлээх байсан гэлээ. Үйлдвэрлэлийн зардлыг бууруулахын тулд ЭТТ компанийнхаа бүтцэд өөрчлөлт оруулж, Цагаан хадны шилжүүлэн ачих хэсгийг өөрчилж, гүний гаалиар буюу шууд уурхайн аман дээрээс гаалийн бүрдүүлэлт хийн тээвэрлэхийг шийдсэнээс гадна “Чалко” компани зохих хэмжээгээр уян хатан хандсан гэж хурлын үеэр тайлбарласан юм. 

Ямартай ч “Чалко”-гийн өр 130 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг зургадугаар сард амжиж нийлүүлж чадахгүй хандлагатай байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж