Хэлээгүй үг хамгийн хүчтэй нь

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Хэлээгүй үг хамгийн хүчтэй нь

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудал сүүлийн өдрүүдийн улс төрийн гол сенсааци байж өнөөдөр оргил цэгтээ хүрлээ.

Өнгөрсөн даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэж, Хууль зүйн сайдыг огцруулахгүй байх шийдвэр гаргасан нь улстөрчдөөр халхлан Х.Тэмүүжингийн эсрэг дайрсан, угтаа бол хувь хүнийг нь биш шинэчлэлийг улайран эсэргүүцсэн хууль хяналтын байгууллагын зарим удирдлагыг одоо ил цагаанд нь гаргалаа. Маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх учир түүнийг ямар ч аргаар хамаагүй харлуулах нь гол зорилго болжээ.

Ажил хийсэн учир алдаа гаргасан нь байгаа л байх гэвч тэр өнөөдөр гүтгээд байгаа шиг нь тийм аймаар хүн мөн үү. Хар тамхичин, янхандагч, архичин, мөрийтэй тоглогч, Америкийн тагнуул, пиар баг хөлсөлж өөрийгөө магтуулагч, за хамгийн сүүлд 98 саяын хөөрөг эзэмшигч.  Үүнийг зохиож байгаа хүмүүсийн фантазлах чадварыг бахдах ч багадмаар. Хамгийн харамсалтай нь энэ бүх доромжлолын цаана ердөө л ажил хэргийн ашиг сонирхол байгаа шүү дээ. Харин монголчууд бид яаж хүнээ алдсан нь Х.Тэмүүжингийн эсрэг явагдаж байгаа гүтгэлгүүдээс харагдлаа. Түүний бурхан болсон ээжийг нь хүртэл элдвээр хэлснийг сонсоод үнэхээр эмгэнэв.

Улстөрч Х.Тэмүүжинг хэн бэ гэдгийг олон нийт ойлгоод дэмжээд байхад нэг танхимд сууж, нэг зорилгын төлөө гэж тангараг өргөсөн нөхөд нь самарч байгаа нь нэг талаас жам ёсны ч юм шиг. Тэр бол улс төрд том мөнгөөр орж ирсэн хүн биш. Тэр итгэл үнэмшил, үнэт зүйлтэй залуу үеийн төлөөлөл байсан учир олон нийт түүнийг дэмжиж гаргасан. Мөн ардчилсан үзэл санааг тээгч нам түүнийг түшсэн. Тэгэхдээ мөнгөөр биш. Олон хүний итгэлийг даахын тулд тэр өөрийн итгэл үнэмшлээр ажлаа хийсэн. Харин тэр нь олон хүнд, тэр дундаа намынх нь зарим нэгэнд таалагдсангүй. Тэдний энэ явдал өнөөдөр бүр арчаагаа алдаж, төр засгаа ч бусниулж мэдэх нь тодорхой боллоо.

Монгол улсын Тагнуулын ерөнхий газрын дэд дарга асан гэгч “Ерөнхий сайд надад Хууль зүйн сайдын талаар тийм бичиг баримт гаргаж өг” гэсэн агуулгатай ярилцлага сонинд өгч байгаа нь маргаан савнаасаа хэр хальсныг харуулна. Зургаа томоор нь тавьчихсан бол бүр догь байж. Харин энэ хүн өөрийгөө тагнуул гэж итгэдэг учир ингээгүй бололтой. Түүний ярилцлагад урамшсан эсвэл үгсэн хуйвалдсан цагдаагийн зарим удирдлага Хууль зүйн сайдыг шалгуулахаар болж, прокурор АТГ-д хандаж гэнээ. Мөрдөн байцаах газар өнөөдөр мэдээлэл хийж байх шиг байна. Х.Тэмүүжинг гэрчээр дуудсан утгатай юм байх. Одоо дараагийн алхам юу байж болох вэ. Аягүй бол “Ерөнхийлөгч над руу яриад Тэмүүжинг авч үлд гэж дарамталсан” гэж дараагийн хүн нь сонинд ярилцлага өгөх юм байна. Бас зургаа ч тавьж магадгүй нь. Хулганаа алах гээд гэрээ шатаалаа гэдэг шиг юм болох вий. МАН засаг барьж байх үед иймэрхүү явдал болно гээд төсөөлөөд үз дээ. Ардчилсан намынхан одоо арай төлөвшиж ард иргэдээ тэнэг, улс орноо тоглоом гэж үзэхээ болимоор байна. Том улстөрчид ч гэсэн “миний хүнийг халсан сольсон” гэх мэт жижиг эрх ашгаа хойш тавиад наад хууль хүчнийхнийхээ гарт орчихгүйг хичээх хэрэгтэй харагдаж байна. Угтаа бол Билэгт даргыг л өмнөө бариад байгаа болохоос эрх ашиг нь хөндөгдсөн хоёр гурван хурандаагийн л ажиллагаа юм биш үү. Дараагийн удаа хэн гэдэг улстөрч эдний хараанд орохыг хэлэхэд хэцүү шүү дээ.

Хөлөг онгоц живэхэд бүх харх гүйлддэг шиг энэ далимаар түүнээс хувийн өшөө хонзонгоо авах, атаархлаа тайтгаруулах гэсэн хэсэг төрлийн улстөрчид бас байх шиг. Тэд Тэмүүжинг олон нийтээс гадна нам нь дэмжээд ирэхээр байж ядаж, гишүүдийн маргааш өгөх саналд нөлөөлөх санаатай бололтой. Ардчилсан намын зарим гишүүний ярилцлага, хэлсэн үгийг МАН мэйл, мессэжээр тарааж байгааг хараад инээд  ч хүрэх шиг.

Тэмүүжинд пиар хөлслөх шаардлага байхгүйгээр өргөн дэмжлэгтэйг өөрөө хэзээ ч хүнээр дэмжүүлж үзээгүй дандаа мөнгөөр дэмжүүлдэг зарим улстөрч яаж ч ойлгох билээ дээ. Өдрийн арван саяар хүн жагсааж байна гээд гүтгэчихэд ялзарсан нийгэм шууд л үнэмшинэ гэсэн тэдний тооцоо зөв ч биз, буруу ч биз. Хүн бүр өөрийн шанаганыхаа хэмжээгээр хутгаж авахаас хойш яалтай.

Түүнийг гарч ирээд мэдэгдэл хийгээч гэж дэмжигчид нь ялангуяа шаардаж байна. Хууль зүйн сайдаар өнөөдөртөө ажиллаж байгаагийн хувьд төрийнхөө нэр төрийг өөрийнхөөсөө дээгүүр тавих ёс зүй түүнд байх шиг. Хэлээгүй үг заримдаа хамгийн хүчтэй нь байдаг гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ хэлсэн билээ. Улс төрийн энэ хэцүү харгуйд зарчимдаа үнэнч байсныхаа төлөө түүн шиг олон унаж босож, бас дахин босч үргэлж урагшилсаар ирсэн лидер ховор. Түүний нөмөр нөөлөг өнөөдөр өөрийнхөндөө барьж идүүлэхдээ тулсан Х.Тэмүүжинд тус болно гэж л найдъя.

А.ЧАНДМАНЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж