Хээлтэй малаа иддэггүй байлтай

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Хээлтэй малаа иддэггүй байлтай

Эдийн засаг нь хямраад иргэд маань өлссөндөө Туулынхаа эргийг бараадаж загас эргүүлдэж байна уу гэтэл бас үгүй юм аа. Дулаан орохтой нь зэрэгцэн дур хүсэл нь урдаа гарсан нөхөд хэдэн гол горхи руугаа давхилдах болжээ. Энэ тухай жиргээчид нэгэн өдөр ярилцаж өнгөрлөө. Угтаа бол яг одоогоор загасчлах нь хуулиар хориотой бөгөөд түрсээ шахах, үржлийнхээ үед байхад нь ийнхүү агнахыг хориглосон аж. Гэвч зарим иргэд зургадугаар сарын 15 хүртэлх хориотой үеийг нь тэсч чадахгүй л байгаа бололтой.  Туулын эрэг, гүүр орчимд загас барьж буй иргэдийн зургийг жиргээчид түгээж “шууруулсан” нь араасаа хэвлэл мэдээллийнхнийг цөөнгүй мэдээлэл бэлтгэхэд хүргэсэн бөгөөд мөн БОНХЯ-ны ажлын хэсгийг ч хөдөлгөсөн байна.

Яамныхан энэ талаар “БОНХЯ-ны Туул голын СГЗ Туул голоос хуулиар хориглосон хугацаанд загас барьж байгаа иргэдийн үйлдлийг таслан зогсоов” хэмээн тайлангаа тавьсан бөгөөд нэлээд хэл ам, муур хулгана болж байж хууль бус загасдыг хөөж явуулсан бололтой.

Угтаа бол Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог аж. Учир нь энэ үед загас түрсээ шахдаг онцлогтой. Хэрэв хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгуулийг төлнө. Зэвэг барьсан тохиолдолд нэг ширхэг тутамд 34 мянган төгрөг, Сибирь, Хадран баривал нэг ширхэг тутамд 8 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг төлөхөөс гадна нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээдэг гэнэ.

“Хээлтэй малаа иддэггүй байлтай” гэх жиргээчдийг үгийг тоодоггүй юм аа гэхэд ядаж халааснаас чинь барьсан загасны чинь тоогоор мөнгөн торгууль ногдож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нугалан төлнө гэдгийг тоомоор юм даа.

Цахим болжмор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж