Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаа: ГАДААД ВАЛЮТЫН ОРОХ УРСГАЛ САЙЖИРНА
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларч 1800 түвшинд хүрлээ. Эдийн засагчид манай улсын гадаад худалдааны тэнцэлд нааштай төлөв байдал харагдах боллоо гэж ярих болсон. Гэсэн хэдий ч ханш суларсаар байгаа нь юунаас шалтгаалж байна вэ?
Таны хэлснээр Монгол Улсын гадаад худалдааны тэнцэлд эерэг хандлага гарч байгаа. Жишээлбэл өмнөх жилүүдийн дунджаар 500 гаруй сая ам.долларын алдагдалтай явж ирсэн гадаад худалдааны алдагдал 2014 оны 1 дүгээр улиралд 9.1 сая ам.доллар болж буурсан. Үүнд экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар буюу 177.7 сая ам.доллараар өссөн, импорт 17.3 хувиар буюу 209 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн.
Худалдааны тэнцэл сайжирч байгаа хэдий ч ханш сулрахад нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар товч тайлбарлая. Нэгдүгээрт манай улсын эдийн засаг хаврын улирлаас эхлэн идэвхиждэг. Үүнтэй холбогдуулан 2 дугаар улирлаас импорт, гадаад валютын гарах урсгал нэмэгддэг нь төгрөгийн ханшид тодорхой хэмжээгээр дарамт үзүүлдэг. Энэ дарамт нь 5 дугаар сараас экспортын гарц нэмэгдэхтэй зэрэгцэн арилдаг байгаа. Үндсэндээ экспортын сарууд эхэллээ.
Хоёрдугаарт төлбөрийн нөхцлөөс шалтгаалан манай улсын экспортын бүтээгдэхүүний орлого бүрэн орж ирэхгүй байгаа нь гадаад валютын урсгалаар дамжин ханшид нөлөөлж байна. Энэ нь нүүрсний салбарт түлхүү харагдаж байна л даа. Өөрөөр хэлбэл нүүрс экспортлогчид маань 200 гаруй сая ам.долларын экспорт хийгээд байгаа боловч өнөөдрийн байдлаар төлбөрийн 50 хувь нь орж ирсэн байгаа бөгөөд үлдсэнийг нь тодорхой хугацааны дараа авахаар байгаа. Эдгээр нь гадаад валютын эрэлт, нийлүүлэлтэд зөрүү үүсгэж, богино хугацаанд ханш сулрах дарамт үүсгэж байгаа юм. Экспортын төлбөрийн нөхцлийг сайжруулах чиглэлээр манай нүүрс экспортлогч компаниуд сүүлийн үед эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд үр дүнгээ өгнө гэж найдаж байна.
Та тэгэхээр ханш сулрахад эрэлт, нийлүүлтийн зөрүүний богино хугацааны хүчин зүйлс нөлөөлсөн гэж хэллээ. Үүнд Монголбанкнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Монголбанкнаас дээрх нөхцөл байдалтай уялдуулан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байна. Нэгдүгээрт бид валютын захад үүссэн эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүүг дуудлага худалдаа зохион байгуулах замаар нөхөж, ханшийн огцом хэлбэлзэл зах зээлд үүсгэхгүй байх чиглэлээр ажиллаж байна. Үүний үр дүнд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өдрийн дундаж хэлбэлзэл бусад улсуудтай харьцуулахад харьцангүй бага буюу 0.23 хувьтай байна.
Хоёрдугаарт Монголбанкнаас гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа. Жишээлбэл бид 2014 оны 1 дүгээр сард урт хугацааны своп хэлцлийн журмыг батлан, хэрэгжүүлж эхлээд байна. Энэ журам батлагдсанаар банкууд гадаад зах зээлээс бүрдүүлсэн бонд болон зээлийн эх үүсвэрийн ханшийн эрсдэлээ Монголбанктай санхүүгийн хэрэгсэл ашиглан удирдах боломжтой болсон. Ингэснээр урт хугацаатай гадаад валютын орох урсгал нэмэгдэнэ. Мөн банкууд эх үүсвэрээ төгрөгт шилжүүлж төгрөгөөр зээл олгосноор гадаад валютын зээлийн өсөлт буурч эдийн засаг дахь ханшийн эрсдэл буурах тогтолцоо бүрэлдэх эерэг үр дүнг гарах юм. Бидний хүлээлтээр ойрын 2-3 сарын хугацаанд 200-500 сая ам.долларын эх үүсвэр банкуудад орж ирэх төлөвтэй байна.
Түүнчлэн манай улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэрүүдийн нэг нь алт олборлолт байдаг. УИХ-аас “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталсантай холбогдуулан алт олборлолт нэмэгдэх төлөвтэй байгаа. Үүнтэй зэрэгцэн гадаадын банк, санхүүгийн байгууллагууд манай алтны салбарт санхүүжилт олгох талаар саналаа удаа бүр илэрхийлж байгаа. Бидний үзэж байгаагаар эдгээр санхүүжилтүүд нь 200 сая ам.долларт хүрэх бөгөөд ирэх 5 дугаар сард багтан орж ирэх төлөвтэй байна.
Эдгээрийг дүгнэж үзэхэд 2014 оны эцсээр манай улсын валют урсгал сайжран тэнцвэржих хандлагатай байна.
Б.БАТТОГТОХ