Монгол Улс олон улсын эвслийг даргална

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Монгол Улс олон улсын эвслийг даргална

Олон улсын “Онлайн Эрх чөлөө” эвслийн 4 дүгээр Бага хурал Эстони улсын нийслэл Таллинн хотноо 4 дүгээр сарын 28-нд эхэллээ. Бага хуралд нийт 64 орны 400 гаруй төлөөлөгчид, түүний дотор эвслийн гишүүн 23 орны Гадаад хэргийн болон Мэдээллийн технологийн сайд нар, иргэний нийгэм, бизнесийн 180 гаруй төлөөлөгчид оролцож байна. Манай улсаас Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй Гадаад харилцааны яам, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны технологийн газрын төлөөлөгчид уг хуралд оролцож байгаа юм.

Бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Эстони, Гүржийн Ерөнхийлөгч, Кени Улсын Парламентын дарга зэрэг хүндэт төлөөлөгчид үг хэлэв. Эвслийн бага хурлаас “Таллины зөвлөмж” нэртэй баримт бичиг батлан гаргаж, ирэх жилд эвслээс хийх, анхаарах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлдоо. Уг эвсэл нь “Чөлөөт, баталгаатай интернэтийг хүн бүрт” гэсэн зорилтыг дэвшүүлэн энэ чиглэлээр олон улсын түвшинд засгийн газрууд, бизнесийнхэн болон иргэний нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорьдог.
    
Эвслийн Сайд нарын хурлаас интернет эрх чөлөөг хэрэгжүүлж байгаа улс орныг эгнээндээ нэгтгэсэн дэлхийд нэр хүндтэй тус олон улсын байгууллагыг даргалах улсаар Монгол Улсыг санал нэгтэй сонгон баталлаа. Хурал дээр үг хэлсэн Эстоний Ерөнхийлөгч, Канад, Нидерланд, Шведийн Гадаад хэргийн сайд нар Эвслийн ээлжит 5 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санал гаргаж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдаан дээр үг хэлж, тус байгууллагын шинээр сонгогдсон даргын хувьд Эстоний Гадаад хэргийн сайдын хамт хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

    Мөн өдөр сайд Л.Болд дэлхийд тэргүүлэгч мэдээллийн технологийн Google компаниас зохион байгуулсан хүндэтгэлийн чуулганд үг хэлж ирэх жил Монгол Улсад зохион байгуулах бага хуралд идэвхтэй оролцохыг уриалав. Бага хурлын хүрээнд тэрбээр Канад, Нигери, Нидерланд, Финланд, Шведийн Гадаад хэргийн сайд нар, АНУ-ын Төрийн Департаментын Туслах төрийн нарийн бичгийн дарга, ИБУИНВУ-ын Гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд нартай тус тус уулзав.



“Онлайн эрх чөлөө” эвслийн 23 гишүүний дотор АНУ, Канад, Австрали, Швед зэрэг дэлхий дахинд нөлөө бүхий улсууд багтдагийн дотор манай улс үүсгэн байгуулагч гишүүдийн нэг юм. Энэ удаагийн хурлаар эвсэлд Молдов, Япон улсууд нэгдэн орлоо.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж