Монгол Улсын төсөв, эдийн засгийг авч явсан үе үеийн Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарыг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хүлээн авч уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцах үеэр “Засгийн газрын бодлогын алдаа эдийн засгийг хямраасан” гэх дүгнэлт хийлээ. Уулзалтад Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Ц.Молом, Э.Бямбажав, Д.Даваасамбуу, Д.Хаянхярваа, Монголбанкны ерөнхийлөгч асан А.Батсүх, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Р.Буд, Т.Очирхүү, Төсвийн байнгын хорооны дарга асан Ч.Хүрэлбаатар нар оролцсон юм.
Уулзалтад оролцсон хүмүүс эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын 23 арга хэмжээ болон эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд лоозогносон шинжтэй саналууд олон байгааг Сангийн экс сайд нар шүүмжилж, төсвөөс гадуур эргэлдэж байгаа бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгөнд УИХ хяналт тавих шаардлага зүй ёсоор үүсээд байгааг санууллаа. Үүний тулд төсвийн тодотголыг цаг алдалгүй хийж, төсвөөс гадуурх хөрөнгө мөнгийг төсөвтөө төвлөрүүлж, УИХ-аас Засгийн газарт тавих хяналтаа сайжруулах ёстойг зөвлөв. Тиймээс эдийн засагт үүссэн хямралт байдлыг хэрхэн даван туулах, Засгийн газар юун дээрээ алдаж байгаа, алдааг засахын тулд юу хийх ёстой талаар тэд юу хэлснийг тоймлоё.
Д.Содном: Иргэдийн амьдралд хүндрэл айхтар нөлөөлж байна
-Эдийн засгийн хүндрэл болсон шалтгаан нь миний бодлоор өнгөрсөн жилүүдэд экспортоо нэмэгдүүлэх, импорт хэмнэх төсөл хангалттай сайн хэрэгжээгүй. Үүнээс болж гадаад худалдаа, төсөв алдагдалд орсон. Ам.долларын ханш өсч, төгрөгийн худалдан авах чадвар буурсанд олон зүйл нөлөөлсөн. Өнгөрсөн жил "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" гэх нэрийдлээр гурван их наяд төгрөг гаргаснаас болж төгрөгийн ханш суларсан. Ер нь эдийн засгийг авч явж байгаа гол салбар бол хувийн хэвшлийнхэн. Үндэсний компаниудынхаа үйл ажиллагааг дэмжих талд анхаарахгүй байна. Гадаад нөхцөл байдал нөлөөлсөн л байх. Хамгийн гол нь нүүрсний экспорт буурсантай холбоотой. Иргэдийн амьдралд эдийн засгийн хүндрэл айхтар нөлөөлж эхэлсэн. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, олон аж ахуйн нэгж, байгууллага хаалгаа барьж байна. Үүнээс болж олон хүн ажилгүй болж, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байна. Үндэсний компаниудаа дэмжиж, түншилж ажиллаагүйн хор уршиг ингэж гарч байгаа юм.
Э.Бямбажав: Хоёр, гурван төсөвтэй улс шиг болжээ
-Гадаад нөхцөл байдлаасаа илүү дотоодод үүсээд байгаа асуудал хамгийн чухал нь. "Чингис" бонд, Хөгжлийн банкны мөнгө төсвөөс гадуур эргэлдэж, хоёр гурван төсөвтэй юм шиг болжээ. Тэгсэн атлаа энэ их хөрөнгөө орлого олох зүйлд зарцуулахгүй байна. Хамгийн гол нь эргээд ашиг олох зүйлд хөрөнгөө зарцуулах хэрэгтэй. Жишээлбэл, том онгоцыг 84 сая ам.доллар төлөөд шууд худалдаж авсан. Бусад улс орон хэзээ ч ингэдэггүй юм. Лизингээр авч, онгоцноосоо олсон ашгаараа эргээд зээлээ төлдөг. Гэтэл манайхан мөнгөө багтааж ядсан юм шиг шууд бэлэн мөнгөөр нь авч байна. Энэ бол зүгээр л энгийн нэг жижигхэн жишээ. Үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бага сага ажил хийж байгаа ч бас учир дутагдалтай. Хөнгөлөлт рүү түлхүү хандаад, үйлдвэрлэлийг өсгөх тал руугаа чиглэж чадахгүй байна. Тиймээс эх үүсвэр нэмэгдэхгүй байна. Эх үүсвэр нэмэгдэхгүй болохоор төсөв нэмэгдэхгүй. Төсөв нэмэгдэхгүй болохоор эдийн засгийн бүх үзүүлэлт сулраад байгаа юм. Баялгийн сан байгуулж, энэ сангаараа дамжуулж дэлхийн 60 сантай холбогдож гишүүн нь болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, баялаг нь өөрөө баталгаа болчихдог. Засгийн газрын ямар ч баталгаа хэрэггүй гэсэн үг. Ингэснээр зах зээлд бонд босгох ямар ч хэрэггүй. Баялгаа барьцаалж хөрөнгө оруулалт татна гэсэн үг.
Р.Буд: Төсвийн тодотголыг ойрын үед хийх хэрэгтэй
-Хэт их мөнгө зах зээлд нийлүүлсэн нь эдийн засаг хүндрэхэд нөлөөлсөн. Тухайлбал, "Үнэ тогтворжуулах" хөтөлбөрийн үр дүн огт мэдэгдсэнгүй. Шатахуунд л нөлөөсөн байх. Өөр бусад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнд нөлөөлөөгүй шүү дээ. Хоёрдугаарт, Монголбанк, УИХ баталсан мөнгөнийхөө бодлогыг хэрэгжүүлэх талд хэр анхаарч ажиллав. Үүнд би эргэлзэж байна. Инфляцийн төвшинг нэг оронтой тоонд барина гээд л байсан. Өнгөрсөн жил хоёр оронтой байсан. Одоо ч хэвээрээ л байна. Гуравдугаарт, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ техник эдийн засгийн үр ашиг гэдэг юмыг огт тооцохоо больж. Бондын мөнгийг орлого олох зүйлд зарцуулах ёстой. Үүнээс олсон орлогоороо бусад салбараа дэмжиж хөгжүүлэх бодлогыг барьж ажиллах ёстой байсан юм. Хөрөнгө оруулалтад дэндүү их мөнгө зарцуулсан нь эдийн засгийн хямралд нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Баахан мөнгө өгөөд л зам бариад байдаг. Барьсан замынх нь чанар туйлын хангалтгүй байна. Бидний үед сайн муу хэлүүлээд зам барьж л байсан. Харин жилийн дотор эвдэрдэг зам барьж байгаагүй юм. Үр ашиггүй, үрэлгэн механикм хөрөнгө оруулалт гэх нэрийн дор их явж байна. Одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулаад төсвөө хумихаас өөр арга байхгүй. Төсвийн тодотголыг ойрын үед хийх хэрэгтэй. Төсвийг хумихдаа үндэсний үйлдвэрлэгчдээ мартаж болохгүй. Мөн эдийн засгийн олон тулгууртай болохгүй бол манай улс хөгжихгүй. Ганцхан БНХАУ руу нүүрс гаргадаг тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй.
Т.Очирхүү: 100 хоногт бүх юм сайхан болно гэж байхгүй
-Үүссэн хүндрэл бэрхшээлийнхээ дүгнэлтийг зөв гаргах хэрэгтэй. Хоёр хөрштэйгөө харилцах эдийн засгийн хамтын ажиллагаанд алдаа гаргасан. Энэ хоёр хөрш орноо түшиж байж эдийн засгийн хямралаас гарахаас өөр арга байхгүй. Эрх зүйн орчноо тогтвортой байлгаагүй. Олон улсын гэрээ, хэлцлүүдээ хангалттай сайн хийж чадаагүй. Хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой хуульд алдаа гаргасан. Эдийн засгийг өөрийнх нь дэг жаягаар явуулмаар байна. Эдийн засгийг улс төрийн бодлого нэрээр популизм удирдаад байна. Шинэчлэл нэрээр бодлогын залгамж чанарыг алдагдуулсан. Бодлогын уламжлал гэдэг зүйлийг үл ойшоосон байдалтай байна. Бусдын хийсэн нааштай зүйлсийг үгүйсгэдэг. Эцэст нь улс орон, ард түмэн хохирдог. Эрх баригч, сөрөг хүчин гэж ялгалгүй хэлэхэд, дунд хугацааны зорилт дэвшүүлэхгүй богино хугацааны арга хэмжээ авснаар эдийн засгийн хямралаас гарахгүй. Наад зах нь гурван жилийн хугацаатай бодлогын баримт бичгийг гаргаж байж энэхүү хүндрэлээс гарна. Түүнээс биш 100 хоногт бүх юм сайхан болно гэж байхгүй. Би хувьдаа макро эдийн засгийн бодлого дээрээ эрх баригчид алдаа гаргасан гэж бодож байна. Үүнээс болоод макро эдийн засгийн төсөв, санхүүгийн бодлогод алдаа гарсан. Эдийн засгийн хямралаа дагаад банкуудын байдал хүндэрнэ. Яагаад гэвэл зээлийн эрсдэл үүснэ. Үүнээс сэргийлэхгүй бол хүнд нөхцөл байдал үүсэх байх. Бондын хөрөнгийг үр ашигтай юманд зарцуулж чадаагүй. Өр болчихсон. Тиймээс Өрийн удирдлагын тухай хуулийг гаргах хэрэгтэй. Үүнийг одоо УИХ-д тодорхой үндэслэлтэй ярьж гарцаа тодорхойлохгүй бол цаашдаа хэний ч нуруун дээр маш их хүндрэл үүсгэх асуудал болно.
Д.Даваасамбуу: Бондын орлого олох зүйлд зарцуулах ёстой
-Монгол Улсын эдийн засгийн хүндрэл юуны өмнө монгол төгрөгийн ханшийн уналт, иргэдийн болон аж ахуйн нэгжийн хөрөнгийн үнэгүйдлээр илэрч байна гэж үзэж байна. Энэ байдалд яагаад хүрэв гэхээр өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлдэггүй, залгамж халаагаа орхигдуулдагтай холбоотой. Хоёрдугаарт, хууль тогтоомж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлдэггүй нь нөлөөлж байгаа юм. Зээл олгох хөрөнгийн эх үүсвэр бол иргэдийн хадгаламж найман их наяд төгрөг байгаа. Олгосон зээл нь 11 их наяд төгрөг. Эх үүсвэрээсээ хэтрүүлж олгосон зээл 30-40 хувь байна. Яг энэ хэмжээгээр төгрөгийн ханш унана. Бас бараа, бүтээгдэхүүний үнийн дарамт, иргэдийн халаасанд байгаа мөнгө үнэгүйднэ. Төсвийн тогтвортой байдлын хуульд өр үүсгэн бий болгосон бондын хөрөнгийг дөрвөн зүйлд зарцуул гээд хуульчилчихсан. Төмөр зам, цахилгаан станц, нефть боловсруулах эрх, олон улсын буюу европ стандартад нийцсэн экспортын үйлдвэрлэлд зөвхөн зарцуулна гэсэн. Гаднаас арилжааны зээл авсан тохиолдолд зөвхөн хөгжлийн асуудалд зарцуулна гээд заасан байгаа. Энэ хуулийг УИХ-ын тогтоолоор зөрчиж, цэцэг ногоо тарьж болох мэтээр хууль гаргасан явдал нь зарчмын гол алдаа болсон. Үүнийг МАН-ын бүлэг зогсоох ёстой. Хуулийг тогтоолоор өөрчилж болохгүй. Дээр хэлсэн дөрвөн зүйл ямар агуулгатай вэ гэхээр Оюутолгойгоос ирсэн зэсийн баяжмал, нүүрснээс ирсэн орлогыг Монголд бий болгохын тулд зам хэрэгтэй гэж байгаа учраас нэгдүгээрт, замыг нь, хоёрдугаарт үүнийг боловсруулахын тулд эрчим хүч хэрэгтэй учраас эрчим хүчийг нь оруулсан. Гуравдугаарт бүтээгдэхүүнээ тээвэрлэх тээврийн зардал хэрэгтэй. Үүнд нь зориулсан нефтийг бий болгохыг зорьсон. Ер нь бид гаднаас авч байгаа зээлдээ хяналт тавихгүй бол болохоо байжээ.
А.Батсүх: Төсвийн алдагдал харанга дэлдэж байна
-Юуны өмнө төсвийн алдагдлыг багасгах ёстой. Төсвийн алдагдал ДНБ-ний 10 хувийг даваад явчихсан гэдэг нь аюулын харанга дэлдэж байна. Өмнө нь 3-5 хувьд бариад явж болдог байсан. Харин энэ алдагдал бүр томорчихлоо. Замбараагүй төсөвтэй байвал орлого хуримтлуулах боломжгүй. Төсвийн алдагдлыг хумьж чадвал өөрөөр ажиллаж болно.
Уулзалтын үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Монгол Улсын нэр хүнд гадаадын олон улс гүрнүүдийн дунд ихээхэн унаж, өдрөөс өдөрт тэдний зүгээс Монгол Улсад итгэх итгэл багассаар байна. Үүний хамгийн тодорхой жишээ нь гадаадын хөрөнгө оруулалт хоёрхон жилийн дотор 70 гаруй хувиар буурсан явдал. Монгол төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларч, өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1800 төгрөгт хүрчихлээ. Улсын төсвийн орлого 2014 оны нэгдүгээр улирлын байдлаар 30 гаруй хувиар тасарч явна. Нийт тэтгэвэр авагчдын 83 хувь нь тэтгэврийн зээлтэй, ажиллагсдын 31 хувь нь цалингийн зээлтэй байна. Өнөөдрийн байдлаар 22 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж, үйл ажиллагаагаа зогсоосон статистик мэдээлэл бий. Үүнийг засч залруулахын төлөө МАН-ын бүлэг ажиллаж байна. Тиймээс та бүхний санал бүхэн үнэ цэнэтэй байлаа" гэлээ.
Г.ДАРЬ