Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг өчигдөр бүтэн өдрийн турш хуралдаж, намын дотоод асуудал, улстөр, эдийн засаг гээд бүхий л асуудлаа нэг сайхан ярилцаад авсан талаараа бүлгийн дарга нь өнөөдөр мэдээлэл хийхдээ онцолж байсан. Ингэхдээ "Давхар дээл"-ийн төсөл дээр манай нам нэгдсэн байр суурьт хүрч, бүгд ижил саналтайгаар санал хураалтад оролцоно гэж байсан нь эндүүрэл болов.

Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хууль хэлэлцэх явцад намаасаа хөөгдөх шийтгэл аваад буй Р.Бурмаа гишүүн, Ж.Батзандан нарын гишүүд хуулийн хэрэгжилтийг 2014 оноос хэрэгжүүлэх саналтай байгаагаа хэлэв. Уг нь АН-ын бүлэг хуулийн хэрэгжилтийг 2016 оноос хэмээн бүгд санал нэгдсэн хэмээн бүлгийн дарга нь мэдэгдээд байсан чинь "эсэргүү" дөрвөн гишүүний хоёр нь намынхантайгаа санал нэгдээгүй байгаа гэдгээ илэрхийлэв. Р.Бурмаа гишүүн хэлэхдээ "Хуулийн хэрэгжилтийг энэ оноос эхлэх хэрэгтэй. Би ардчиллын төлөө 25 жилийн турш зүтгэж байхдаа ардчиллыг эрүүл байлгах гэж хичээж ирсэн. Гэтэл намайг ийм санал өгсний төлөө намаас хөөнө гэж дарамталж байгаа нь зохимжгүй үйлдэл. Төрийн тогтолцоог эрүүлжүүлье гэж байгаа болохоос Засгийн газрын огцруулах гэсэн юм алга. Гэтэл АН-ынхан Засгийн газар унагаах гэж байна хэмээн матрын нулимс унагаад яваад байна" гэсэн шүүмжлэлийг намынхаа нөхдөд хаяглаж хэлсэн.  УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хувьд ч хуулийн төслийн хэрэгжилтийг 2014 оноос хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж