Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангаас зохион байгуулж буй “Шинэ бүтээл-Хүмүүс 3” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 26-30-нд “Улаан гэр” галерейд гарч буй. Үзэсгэлэнгийн шалгаруулалтад 31 уран бүтээлчийн 300 гаруй уран бүтээл оролцсоноос 15 хүний 19 уран бүтээл сонгогдон, үзэсгэлэнд тавигджээ.
Эгэл амьдралын дүр зургийг бодитоор өгүүлэх тус үзэсгэлэнд гар утсаар авсан зураг хүртэл тавигдсан байсан юм. Хүчирхийлэлд өртөж буй охид, тагтан дээрээ суух ядруу эмээ, гар утсандаа улайрсан ээждээ орхигдсон хүү зэрэг ихэнх бүтээлүүд нь өөр өөрсдийн зохиомжийг өгүүлж байсан юм. Амьдралын үнэнийг үггүйгээр илэрхийлэх фото зургийн үзэсгэлэн энэ удаад залуу уран бүтээлчдийн зургийг онцолжээ.
Уншигчдадаа сонирхуулахад, 1998 онд зурагчин Ц.Батзориг өөрийн “Хүмүүс” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Түүнээс хойш 2013 онд зурагчин Д.Давааням Ц.Батзоригт зориулан “Хүмүүс-2” нэртэйгээр үзэсгэлэн гаргаж байжээ. Харин энэ жил дахин уг үзэсгэлэнг гаргасан бөгөөд илүү олон уран бүтээлчдийг хамруулсан нь урьд нь тавигдсан үзэсгэлэнгүүдээс онцлогтой болжээ.
Э.ТЭКҮ