Арабын нэгдсэн Эмират улсад энэ сарын 16-26-ны өдрүүдэд шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.
Манай улсаас уг тэмцээнд эрэгтэй гурав, эмэгтэй хоёр шатарчин өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн төрөлд их мастер Б.Гүндаваа хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн бөгөөд тэрээр 5.5 оноогоор 14 дүгээр байр эзэлжээ. Харин их мастер Ц.Батчулууны хувьд сүүлийн хоёр өргөөс ердөө 0.5 оноо авснаар 27 дугаар байр руу ухарсан байна. Олон улсын мастер Г.Мөнхгал дөрвөн оноотой болсноор тивийн аваргыг дуусгалаа. Эрэгтэйчүүдийн ангилалд Хятадын Юүй Янгуй тэргүүлж болсон Энэтхэгийн Адбхибан, Хятадын Ни Хуа нар удаалав. Тэгвэл эмэгтэйчүүдээс Индонезийн Сукандар тэргүүлж, Ираны Пуркашиян Атоуса, Хятадын Жан Тонгуй нар мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ. Их мастер Б.Мөнгөнтуулын хувьд сүүлийн хоёр өргөөс нэг оноо авснаар 14 дүгээр байрт шалгарлаа. ФИДЕ мастер Б.Ану 3.5 оноотой тэмцээнээ өндөрлүүлэв. Тус тэмцээний блицийн төрөлд их мастер Ц.Батчулуун найм, олон улсын мастер Г.Мөнхгал 14, их мастер Б.Гүндаваа 17 байрт шалгарсан байна. Харин эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул зургаа, ФИДЕ мастер Б.Ану 16 дугаар байр эзлэв.
Сонирхогчдын ДАШТ-нд оролцож байна
Сингапурт шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Ирэх сарын 4-н хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас 15 шатарчин өрсөлдөж байна. Хоёр өргийн дараах байдлаар дэд мастер Х.Баярхүү, Ц.Бат-Эрдэнэ нар хоёр оноотой байгаа бол Г.Мөнхбаяр, Э.Баасансүрэн, Ү.Агьбилэг, Б.Ирмүүнтулга, А.Батчулуун, Б.Батсүлд, А.Баярсайхан, Б.Нямдаваа, Я.Сүхболд нар нэг, Ш.Батбилэг 0.5 оноотой тэмцээнийг үргэлжлүүлж байгаа юм. Эрэгтэйчүүдийн ангилалд 120 орчим шатарчин оролцож байна. Тэгвэл эмэгтэйчүүдий ангилалд Ө.Нямтуяа, Ү.Үүрийнтуяа нар хоёр, Б.Ганчимэг нэг оноотой болжээ. Тэмцээн швейцарь системээр есөн өрөг үргэлжилнэ.
Шатарчид рапидаар өрсөлдөв
Өнгөрсөн амралтын өдрүүдэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны нэрэмжит шатрын тэмцээнийг зохион байгуулсан билээ. Энэхүү тэмцээнд их мастер Антон Шомоев тэргүүтэй 10 орчим шатарчин оролцсон юм. Тэмцээний аваргаар эрэгтэйчүүдээс их мастер Б.Хатанбаатар, эмэгтэйчүүдээс ФИДЕ мастер У.Лхамсүрэн нар тодорч байсан. Тэгвэл маргааш Монгол Улсын шатрын 29 дэх аварга, олон улсын мастер Н.Төмөрхуяг агсны нэрэмжит рапид тэмцээний аваргууд тодорлоо. Монгол туургатны “Урамтай шатар”-ын холбооноос санаачилсан тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд ФИДЕ мастер Н.Төвсанаа түрүүлж, С.Ган-Од, дэд мастер Э.Болдоо, ФИДЕ мастер З.Бямбаа, спортын мастер П.Батжанцан нар удаалав. Эмэгтэйчүүдийг спортын мастер Э.Хулан манлайлж, С.Сарантунгалаг, олон улсын мастер А.Энхтуул нар мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ. Харин өсвөрийн шатарчдыг Ц.Ашид тэргүүлсэн байна.
Т.МАША