-Тариалангийн бүс нутгаар хаврын тариалалтын бэлтгэл ажилтай танилцлаа-
Цастай өглөө замд гарч, уудам талд соёолон ургах хаврын тариалалтын бэлтгэл ажилтай танилцахаар тариалангийн бүс нутгийг зорилоо. Замд гарахын өмнөх орой нийслэлд цас орсонтой харьцуулахад хөдөө нутагт зун цаг айлчлан иржээ. Өвс ногоо соёолж, бүр зарим хэсгээр шар цэцэгс ургаж эхэлжээ.
Хаврын тариалалт эхэлж буйтай холбоотойгоор ийнхүү Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийн хамт тариалангийн бүс нутгийг зорьсон бөгөөд салбарын дэд сайд Ц.Туваанаар ахлуулсан томилолтын өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт ажилласан юм. Ингэхдээ тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн зарим сумдаар явж, тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн уриншийн талбай, үйл ажиллагаатай танилцсанаас гадна малчид, тариаланчдын зөвлөгөөнд оролцсон юм.
Аян замын эхэнд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт очиж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хамгийн томд тооцогдох “Хөтөл” салбарын үр тарианы элеваторын үйл ажиллагаатай танилцлаа. Улсад Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн харьяанд үр тариа хадгалах таван элеватор байдгаас хамгийн том нь Хөтөлийнх ажээ. Уг элеваторыг 1991 онд байгуулж байсан бөгөөд өнөөг хүртэл монголчуудын хүнсний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж, үр тариа хадгалах чиглэлээр ашиглаж ирсэн байна. Элеваторын байгууламж асар том, бусад том үйлдвэрүүдтэй харьцуулахад сүүлд баригдсан, гаднаасаа хуучирсан харагдах ч үйл ажиллагаа нь ямарваа доголдолгүй аж. Жилдээ 36 мянган тонн хүртэлх үр, тариа хадгалах хүчин чадалтай учраас хэд хэдэн аймаг уг элеваторт үр тариа нийлүүлж, басхүү худалдан авдаг байна. Одоогоор "Хөтөл" салбарын элеваторт хаврын тариалалтад нийлүүлэх 2200 тонн үр нөөцтэй байгаа бол 1000 тонн үр гаднаас импортоор ирж байгаа ажээ. Эндээс одоогийн байдлаар хаврын тариалалтаа эхүүлэхээр зургаан аймгийн 535 аж ахуйн нэгж, тариаланч үр авахаар захиалгаа өгсөн тухай “Хөтөл” салбарын эрхлэгч Б.Содномцог хэлж байсан. Үр тарианы элеватор дэргэдээ лабораторитой. Тариалалтаар хөрсөнд суулгах үрийг энд шинжилдэг бөгөөд лабораторийн орчинд шинжилдэг учраас эндээс гарах үр 99.7 хувь цэвэр ажээ. Ийнхүү тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд хаврын тариалалт эхлэх тул аж ахуйн нэгж, тариаланчид үрээ худалдан авч, бэлтгэлээ хийж дуусч байна. Дашрамд дурдахад, энэ хаврын тариалалтад 48 мянган тонн буудайн үр шаардлагатай юм.
“Юм хөгжинө өө гэж…”
Дулаан цагаар орон нутгийг зорьсон багийнхан цааш Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумыг зорьж, “Норбу агко” компанийн тариалангийн бэлтгэл ажилтай танилцаж, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг нь сонирхсон юм. Одоо үед юм хөгжөөд хүний гараар, эсвэл олон машин ашиглаж хийх үйлдлийг нэг машинаар хийдэг болчихож. Тус компани тариалангийн ажилдаа дөрвөн үйлдэл зэрэг хийдэг машин оруулж ирсэн байна. Монголдоо бол шинэлэг зүйл. “Амазон катрос” нэртэй уг техник дөрвөн машин ажиллах үйлдлийг буюу хавах, бүхэл шороог бутлах, нягтшуулахыг нэг үйлдлээр хийх бөгөөд шатахуун зарцуулалтыг 7-8 дахин багасгажээ. Даанч өртөг нь их өндөр, 150 мянган ам.долларын үнэтэй. Тэгэхээр тариалан эрхэлж буй аж ахуйн нэгжүүд бүгд авах боломж бололцоо хомс. Улсаас ямарваа хөнгөлөлттэй зээл, тусламж авалгүй өөрсдийн хүчээр тариалангийн салбарыг хөгжүүлэх шинэ техник нэвтрүүлсэн нь бахархмаар юм. Нэг нь ч гэсэн шинэ техник оруулж ирж байвал тариалангийн салбарт ахиц гарахын эхлэл биз ээ.
Тариалангийн бүс нутгаар харж явахад, тариаланч бүрт асуудал байна. Газар нутгийн байршил, санхүүгийн боломж бололцооноосоо шалтгаалж төрөл бүрийн сайнтай, муутай зүйл сонсдож байна лээ. Тиймээс томилолтын явцад Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга М.Ариунболд, ахлах мэргэжилтэн, улсын ерөнхий агрономич Б.Одонхүү, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал нар тариаланчдын саналыг сонсч, тухай бүрт нь хариулж, шийдвэрлэхийг хичээж явлаа.
Тариаланчид юу хүсч байна вэ?
Монголчууд атар газар эзэмшээд 50 гаруй жил болжээ. Малчдын хувьд үндэсний үйлдвэрт тушаасан ноосноос мөнгөн урамшуулал авдаг бол тариаланчдад ямар ч урамшуулал байдаггүйг дэд сайдтай уулзах үеэр тариаланчид их хэлж байсан. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төлөвлөсөн ажил, шийдвэрлэх ёстой асуудал хойшилж магадгүй гэдгийг албаны хүмүүс учирлаж байв.
Урамшууллаас гадна тоног төхөөрөмжийн хувьд хөнгөлөлттэй үнээр, эсвэл эргэн төлөх нөхцөлөөр 100 хувь зээлээр авах сонирхлоо тариаланчид илэрхийлсэн. Энэ асуудалд мөн ямар ч урьдчилгаа төлбөргүйгээр машин, төхөөрөмж олгох боломжгүй гэж байгаа. Харин дэмжих нэг гарц бол аж ахуйн нэгж биш, жижиг тариаланчид 3 га газарт нэгдэн, тариалалт хийж чадах бол тохиролцоод Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаман дээр ирээд уулзвал техник технологийн шинэчлэл, бордоо, ургамал хамгааллын бодисоор хангах тал дээр уян хатан дэмжлэг үзүүлж болохоор юм шүү гэдгийг салбарын дэд сайд хэлсэн юм. Үнэхээр л тал нутагт тарсан тариаланчид нэг бүрийг дэмжинэ гэдэг хэцүү учраас ядаж 3 га газарт нэгдсэн тариаланчдад ийм боломж олгох ажээ.
Газар тариаланг эрчимтэй хөгжүүлэх гэхээр хөдөө аж ахуйн бусад салбартайгаа сөргөлдөж байгаа талаар асуудал хөндөж байна. Газар тариалан, мал аж ахуй хосолсон манай орны хувьд төмс, ногоо, буудай тариалахаар тариан талбай руу мал бэлчиж ороод юу ч үгүй сүйдлээд хаях эрсдэлтэй. Тиймээс энэ хэсэг бол тариалангийн бүс, энэ хэсэг нь мал аж ахуйн бүс гэх зэргээр статус, нутгийг зааж өгөх саналыг улсын Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүү хэлж байна лээ. Сэлэнгэ аймгийн хувьд нийт хүнсний ногооны 50 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд энэ асуудал хурцаар тавигдаж байгаа юм байна. Тиймээс Сэлэнгийг тариалангийн бүс нутаг гэж зарлан хөгжүүлэх тухай саналаа илэрхийлсэн юм.
Тариаланчдын хувьд энэ мэтчилэн техник, бордоо, шатахуун, ургамал хамгааллын бодис худалдан авах санхүүгийн дэмжлэг авахыг хүсч байгаа бол албаныхны зүгээс асуудлыг янз бүрээр шийдэх бололцоотойг тариан талбай дээр өөд өөдөөсөө харж байгаад ярилцсан юм.
Сануулахад, энэ жил хаврын тариалалтад шаардлагатай үр тариаг төлбөрийн 20 хувь, шатахууныг 50 хувь, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр өгч байгаа. Харин намар ургац хураалтын үеэр үлдсэн төлбөрөө буудай тушаах байдлаар төлж барагдуулах нөхцөлтэй юм. Мөн энэ жил улаан буудайн үнийг эрт зарласан бөгөөд нэг тонн улаан буудайг намар 460 мянган төгрөгөөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд авахаар болсон. Үүн дээр буудайн урамшуулал болох 100 мянган төгрөгийг нэмж олгох юм. Тариалалт эхлэх цагаас үнэ тодорхой болсон тул тариаланчдад урам зориг болж байгааг тэд хэлж байлаа.
Хаврын тариалалтын анхны үрийг хөрсөнд суулгалаа
Энэ жил 375 мянган га газарт үр тариа тариалахаас 304 мянган га-д улаан буудай, 15,5 мянган га-д төмс, 8,1 мянган га-д хүнсний ногоо, үлдсэн талбайд тосны ургамал болон тэжээл тариалах юм. Хаврын тариалалтын нүсэр ажлын эхлэлийг тавьж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан тэргүүтэй албаны хүмүүс, тариаланчид анхны үрийг хөрсөнд суулгасан юм. Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 24 га газрыг хамрах тариалангийн талбайд дөрөвдүгээр сарын 27-нд ийнхүү хаврын тариалалтын анхны үрийг гараар суулгаж, үргэлжлүүлээд үрлэгч машин тариан талбайд ажилдаа гарсан юм.
Ийнхүү хаврын тариалалт Хөвсгөл нутгаас эхэлсэн бол улсын хэмжээнд тавдугаар сарын 1-нээс өрнөж, улс даяар тариаланчид маань нийтээрээ ажилдаа гарах юм.
Хүнс, тариа арвин их ургах болтугай.
Үргэлжлэл бий.
У.БОЛОР