“Мон Акт-2014” фестивалиас шилдгийн шилдэг бүтээлийн Гран-при шагналын эзэн болсон Ц.Баясгалан ганц хүний жүжгүүдээ хоёр өдөр үзэгчдэд хүргэхээр боллоо. Ц.Баясгалан жүжигчний уран бүтээлийн тайлан тоглолт тавдугаар сарын 2, 3-нд УДЭТ-ын тайзнаа болох юм.
Ганц хүний жүжгийн төрлөөс Гран-при шагнал хүртсэн жүжгээ тэрээр тавдугаар сарын 2-ны өдөр буюу тайлан тоглолтынхоо эхний өдөр үзэгчдийн хүртээл болгох бол тавдугаар сарын 3-нд бүүвэйн дуунаас сэдэвлэсэн “Тэнгэрийн аялгуу” бүтээлээ толилуулах аж.
“Тэнгэрийн аялгуу” нь 2014 оны шинэ бүтээл бөгөөд зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид бичиж, “Масс студи”-ийн захирал Д.Сангибат найруулагчаар ажиллаж, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Ц.Энхтуяа, Хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан ажиллажээ.
Дашрамд, Ц.Баясгалангийн уран бүтээлийн тайлан тоглолтын үнэ 30 мянган төгрөг ажээ.
Э.ТЭКҮ