Төлбөртэй зогсоолын хяналтгүй бизнес

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Төлбөртэй зогсоолын хяналтгүй бизнес

Нийслэлчүүдэд нэг зовлон бий. Ажилдаа явах, албан байгууллагаар ороход, эсвэл үзвэр үзэхээр болоход машинаа багтааж шингээх газар олддоггүй. Төрийн байгууллагын үйлчилгээг авахад бүр хэцүү болсон. Манайхан ихэнх барилга, байгууламжуудаа замтайгаа нийлүүлээд барьчихсан болохоор үүдэнд нь тавихаас аргагүй. Гэтэл хэдхэн хором саатаад гараад ирэх хооронд замын хөдөлгөөнийг саарууллаа гээд ачаад явчихна. Харин гаднаа жаахан талбайтай байгууллагууд нь энэ зовлонг хэдийнэ бизнес болгоод төлбөрт зогсоол байгуулчихсан. Тэд бүгдээрээ ийм үйлчилгээ үзүүлэх эрхтэй юу, төлбөртэй зогсоолын эрхзүйн орчин ямар байдгийг судаллаа.

 

ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 12 ЗОГСООЛ БИЙ

Олон улсад төлбөрт авто зогсоолын үйлчилгээ аль эртнээс бий болчихсон. Манайхан л хоцордгоороо хоцорсон улс гэж ярих хүмүүс бий. Гэхдээ зөв төлөвлөлтгүй Улаанбаатар хотын хувьд ийм үйлчилгээг хэрхэн хүргэх нь чухал. 2012 онд  нийслэлийн Засаг даргын 544 дүгээр захирамж гарч 20 гаруй байршлыг зааж өгчээ. Үүнээс одоогоор тогтвортой ажиллаж байгаа 12 төлбөрт зогсоол байгаа тухай албаны хүмүүс хэлж байна. Тодруулбал, Спортын төв ордон, Хангарьд ордон, УДЭТ, Сонгинохайрхан дүүрэг болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ, СБД-ийн нэгдүгээр хороонд байрлах “Гурван гал” худалдааны төв, Барилгачдын талбай, Ялалтын талбай, Шастины нэрэмжит III эмнэлэг, Авто тээврийн газар, Замын цагдаагийн газрын өмнөх зогсоол албан ёсны зөвшөөрөлтэй. Өөрөөр хэлбэл, эдгээр зогсоолд та машинаа тавьбал мөнгөө төлөх үүрэгтэй гэсэн үг. Одоогоор зогсоолын үйлчилгээний үнэ 30 минут хүртэлх хугацаанд 500 төгрөг 31 минутаас нэг цаг хүртэл хугацаанд 1000 төгрөг байгаа. Түүнчлэн нэг цагаас хойш 1-1.5 цаг хүртэлх хугацаанд 1500, хоёр цаг хүртэл 2000 төгрөг бөгөөд хоёр цагаас дээш хугацаа хэтэрвэл цаг тутамд 3000 төгрөгийн торгуультай байдаг. Тухайлбал, нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар болох Хангарьд ордонд өдөрт дунджаар 150-200 машин үйлчлүүлж 200 гаруй мянган төгрөгийн орлого олдог гэнэ. Харин Спортын төв ордонд мөн л ийм тооны машин зогсдог тул орлого нь ойролцоо аж. Эдгээр зогсоолуудыг сонгон шалгаруулалтад шалгарсан компаниуд Нийслэлийн авто замын газартай гэрээ байгуулан ажиллуулдаг ажээ. Тэд орлогынхоо 60 хувийг Нийслэлийн замын санд төвлөрүүлэх гэрээтэй юм байна.

 

Б.Болор-Эрдэнэ:

 ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗОГСООЛЫГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН ТООГООГҮЙ

Дээр хэлсэнчлэн гаднаа жаахан л талбайтай бол төлбөрт зогсоол байгуулчихдаг жишиг нэгэнт тогтжээ. Төрийн, хувийн ялгаагүй бүх байгууллага гаднаа харуул зогсоогоод мөнгө нэхдэг болчихсон. Гэтэл дээрх 12 байршлаас бусад бүх тохиолдол нь зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн үйлдэл ажээ. Энэ талаар Нийслэлийн авто замын газрын Хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжилтэн Б.Болор-Эрдэнээс тодруулсан юм.

-Засаг даргын захирамжийн дагуу одоо 12 байршилд л төлбөрт зогсоол ажиллуулдаг юм байна. Тэгвэл бусад байгууллага нь зөвшөөрөл аваагүй гэсэн үг үү?

-Тийм. Нийслэлд 2009 оноос төлбөртэй зогсоол байгуулах тухай яригдаж эхэлсэн. Анх туршлага болгож Спортын төв ордон, Хангарьд ордон,  Драмын театрын үүдэнд төлбөрт зогсоол байгуулсан. 2012 онд нийслэлийн Засаг даргын 544 дүгээр захирамж гарснаар одоо төлбөртэй 12 зогсоол ажиллаж байгаа. Бусад нь иргэдээс хууль бусаар хураамж авч байна гэсэн үг.

-Зөвшөөрөлгүй зогсоолыг болиулах боломжгүй юу?

-Бид хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагууд хууль зөрчин төлбөрт зогсоол байгуулж байгаа тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан бичиг явуулсан ч ямар нэгэн тайлбар өгөөгүй.

 

ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Албаны хүний хэлж буйгаар зөвшөөрөлгүй зогсоолуудад тавих хяналтын систем тодорхойгүй юм. Бидний мэддэгээр Монголын залуучуудын холбоо, “Улаанбаатар палас”, “Улаанбаатар” зочид буудал, Бөхийн өргөө зэрэг хөл хөдөлгөөнтэй, үзвэр үйлчилгээний байгууллагуудыг зөвшөөрөлгүй хураамж авдгаар нэрлэж болно. Эдгээр газруудын орлого зөвшөөрөлтэй хэдээсээ илт өндөр. Яагаад гэвэл хамгийн их хөл хөдөлгөөнтэй газрууд. Орлого шууд өөрсдийнх нь халаасанд орж буй. Тэдэнд хууль хяналт, дүрэм журам үйлчилдэггүй болохоор зөвхөн хураамжиндаа анхаарал тавьж иргэдийн эд хөрөнгийг үл хайхрах байдлаар ханддаг бололтой. Тухайлбал, саяхан Бөхийн өргөөнд тоглолт үзэхээр очсон иргэн Б машинаа төлбөртэй зогсоолд нь тавьчихаад оржээ. Тоглолтоо дуусаад гараад иртэл өөрийнх нь машин болон зэргэлдээх машинуудынх нь цонхыг хагалаад эд зүйлсийг нь тоночихсон байж.  Мөнгийг нь авсан зогсоолын манаачийг эртэл зогсоолоо нээж орхичихоод яваад өгсөн байжээ. Үүний учрыг Бөхийн өргөөний харуулаас асуутал “Бид мэдэхгүй. Зогсоолыг хувийн компани хариуцаж ажиллуулдаг” гэсэн тайлбарыг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, байгууллага өөрийн талбайгаа хэн нэгэнд хариуцуулаад ашгаа хувааж авдаг болж таарав уу. Эсвэл хулгайч, манаач хоёр нь хоорондоо тохиролцдог хэрэг үү. Үүний хариултыг хэн ч өгөөгүй, хохирсон иргэн хохирлоо хэнээс ч барагдуулж чадаагүй өнгөрсөн.

Зөвшөөрөлтэй зогсоолд ч нэгнийхээ машиныг шүргэчихээд яваад өгсөн байх нь энүүхэнд. Тэгээд ч манайд төрийн үйлчилгээ ямар хүнд сурталтай билээ. Хэдэн цагаар хүлээж байж нэг юм ажлаа бүтээгээд гараад иртэл мөнгөө төлөөд тавьсан машин нь шүргүүлчихсэн байхад хэнд сайхан байхав. Нэгэнт олон улсын жишгийг дагасан бол иргэдээ хохироочихгүй үйлчилгээг төр засаг маань үзүүлмээр юм. Эсвэл ийм захирамж, тушаалыг эргэж харах хэрэгтэй гэх иргэд ч олон байна.

Б.ЗАЯА

"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж