Эмэгтэй теннисчид эхний хожлоо авчээ

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Эмэгтэй теннисчид эхний хожлоо авчээ

Ширээний теннисний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Т.Энхтөрөөр удирдуулсан Монгол Улсын эмэгтэй баг эхний хожлоо авлаа.


Японы Токио хотноо ширээний теннисний багийн ДАШТ болж байна. Өчигдөр(04.28) эхэлсэн 52 дахь удаагийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг оролцож буй.


Эрэгтэй баг "D" бүсэд багтсан бол эмэгтэй баг "С" бүсэд тоглож байна.

"С" бүсэд 24 баг багтсанаас эмэгтэй баг Казахстан, Гватемал, Сальвадор, Календониа, Азарбайжан улстай "А" хэсэгт тоглож байна. Тэд өчигдөр хоёр тоглолт хийсэн бөгөөд хэсгийн эхний хожлоо аваад байна. Монгол Улсын долоон удаагийн аварга, ОУХМ Б.Батхишиг ахлагчтай эмэгтэй багийн хувьд Казахстанд 0:3-аар хожигдсон ч Азарбайжаныг 3:0-ийн харьцаагаар буулган авч хэсгийн эхний хожлоо аваад байна. Эмэгтэй багийн хувьд өнөөдөр хоёр хожилтой яваа Гватемал улсын багтай тоглоно. Энэ хэсгийг Казахстан, Гватемал улс хоёр хожилтой тэргүүлж байна. "С" бүсэд багтсан 24 багаас группийн эхний гурван баг 49-60-р байрны төлөө өрсөлдөх юм. Монгол Улс 71-т эрэмбэлэгдсэн.


Эрэгтэй баг "D" бүсэд багтсан бөгөөд 24 баг дөрвөн хэсэгт хуваагджээ. Перу, Ангол, Бахрайн, Маврикий, Филиппин улсын багтай "N" хэсэгт багтсан Монгол Улсын шигшээ баг өчигдөр эхний тоглолтоо Бахрайн улсын багтай хийж, 2:3-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн байна. Өнөөдөр тэд Перу улсын багтай тоглоно. "D" бүсийн хэсэг бүрээс шалгарсан гурван баг 73-84-р байрын төлөө өрсөлдөнө. Монгол Улс 103-т эрэмбэлэгдсэн.

Сануулахад, Монголын Ширээний теннисний холбооноос үндэсний шигшээ баг байгуулж, БНАСАУ-аас дасгалжуулагч урин авчирсан. Энэ удаагийн ДАШТ-нд БНАСАУ-ын дасгалжуулагч Чо Ён Хо, шигшээ багийн дасгалжуулагч Т.Энхтөр нарын ДАШТ-ний өмнөх эрчимжүүлсэн бэлтгэлд хамрагдсан шилдэг тамирчид өрсөлдөж буй. 2012 оны Германы Дортмунд болсон 51 дэх удаагийн ДАШТ-нд эмэгтэй баг 70-р байр, эрэгтэй баг 97-р байрт шалгарсан амжилтыг үзүүлж байсан бөгөөд энэ удаа байраа 10-12-оор урагшлуулах зорилготой оролцож байна.


Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж