Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Сүүлийн зургаан жилийн дотор төсвийн ачаалал долоон их наяд хүртлээ тэлэв. Тэр хэрээр захиргааны зардал өссөн нь эдийн засагт томоос том ачаа болж байна. Ялангуяа санхүүгийн хямралтай байгаа үед төр “бүсээ чангалж”, хэрэгтэй, хэрэггүй зардлуудаа танах маягаар эдийн засгийн хэмнэлт гаргахгүй бол улс орны төсөвт багагүй ачаалал ирж байна.

Өнгөрсөн жилийн хувьд Чингис бондын хөрөнгөөр өлсгөлөн эдийн засгаа хооллож, төсөвт багагүй дэмжлэг болж чадсан. Харин санхүүгийн байдал туйлын хүнд байгаа тохиолдолд гаднаас бага хүүтэй их хэмжээний зээл авах ямар ч боломжгүй. Тэгээд ч Монголын зээлжих зэрэглэл буурсан, гадаад зах зээл дэх үнэлэмж асар их суларсан. Ийм тохиолдолд илүү, дутуу зардал, болсон болоогүй тансаглалаа хумих нь хамгийн зөв шийдэл. Өөрөөр хэлбэл, Монголын төр хэтэрхий үргэлгэн байгаа бөгөөд төсвийн ачааллыг бууруулъя гэвэл зардлаа тэлэх бус хумих шаардлагатай байгаа юм.

Нэг дэх хэмнэлт

Монгол Улс сар болгон 140 мянган оюутандаа 70 мянгаас дээш төгрөгийг тэтгэмж олгодог. Сардаа арав, жилдээ дунджаар 120 тэрбум төгрөг, 2010 оноос гэвэл өнгөрсөн дөрвөн жилд 480 тэрбум төгрөгийн үргүй зардлыг улсын төсвөөс гаргажээ. Цагийн сайханд “цалин хүртэл амттай байлаа” гэгчээр  орлоготой, мөнгөтэй үед оюутнуудад яаж “хайр зарлах” нь улстөрчдийн дурын хэрэг гээд орхиж болох юм. Харин эдийн засаг нь мөнгөний гачигдалд орж, улсын төсөв нь өм цөм тасарсан энэ үед дээрх зардал төсөвт ямар дараа болж байгаа нь хэлүүлэлтгүй ойлгомжтой. 

Хоёр дахь хэмнэлт

Төсвийн “гоё” зардлуудыг хэмнэх хэрэгтэй. УИХ-ын гишүүд, яам, тамгын газар, агентлагийн дарга нарын гадаад томилолтын зардал 2008 онтой харьцуулахад 8,5 дахин, эд хогшил худалдан авах  тав  дахин, гадаадын зочид, сургалт семинар зэрэгт зарцуулах зардал  мөн адил нэмэгдсэн талаар шүүмжлэл 2014 оны төсөв хэлэлцэх үеэр гарч байсан.  Хотын нэг орлогчийн гадаад томилолтын зардал нь 14 орчим сая төгрөг гэвэл Монгол Улсын төсвөөс жилдээ хэдий хэмжээний хөрөнгө УИХ, Засгийн газар, яам, агентлагийнхны гадаад, дотоод зардалд зарцуулагддаг нь тодорхой.   Дээрх хөрөнгөөр цэцэрлэг, барьж, сургуулиуудад засвар хийж болох бусуу.

Гурав дахь хэмнэлт

160 мянган төрийн албан хаагчийг аттестатчилах маягаар төсөвт хэмнэлт гаргах боломж бий. Төрийн албан хаагчдын цалин хангамж, гадаад, дотоод зардал төсвийн нийт зардлын 60 хувийг эзэлдэг бөгөөд 160 мянган албан хаагчийг цомхотгосноор улсын төсөвт учирдаг асар том ачааллыг буруулах боломжтой гэдгийг эдийн засагчид онцолдог.  Энэ  юу вэ гэвэл Монгол орлогодоо тааруулж, зардлаа хэмнэх бодлого хэрэгжүүл гэсэн үг юм.

Хөдөөг хөгжүүлэх зорилготой “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд 80 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон. Хэдийгээр орон нутгийн иргэдийн амьдралыг дээшлүүлж, нийслэлийг зорих их нүүдлийг зорилготой хэрэгжүүлж байгаа энэхүү төслийг мөнгө үрсэн дэмий ажил болж байна гэж эдийн засгийн хүрээнийхэн шүүмжилдэг. Орон нутагт ажлын байр бий болгох нь чухал болохоос нэг ангид арав ч хүрэхгүй сурагчтай сургуулийн барилгыг шинэчилж, мянган хүн амтай суманд хөл бөмбөгийн талбай, кино театр барьж өгөх нь иргэдийн амьдрал огтхон ч нөлөөлөхгүй нь тодорхой. Одоогийн байдлаар Баянхонгорын Бууцагаан, Баянлиг сум ашиглалтад орсон бөгөөд 2014 онд 16 сумыг “Шинэ сум” төсөлд хамруулахаар болсон. Сумын хуучин барилгыг Канадын модон барилгаар шинэчилж байгаа “Шинэ сум” төслийг зогсоовол мөнгөний хомсдолд орчихоод байгаа эдийн засагт багагүй  тус болно. Хий дэмий эрээвэр, хураавар төслүүдэд мөнгө үрснээс эдийн засагт чухал гол төслүүдээ санхүүжүүлэх нь улс орны хөгжлийн түлхүүр болох бус уу

Ямар орлого олж байна, түүндээ тааруулж хэрэглэж сурах нь  амьдралын нэг ухаан гэдэг биз дээ.

Н.ХҮСЛЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж