Э.Мандахнаран дөрвөн тоглолтод тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Э.Мандахнаран дөрвөн тоглолтод тэнцлээ

ОХУ-ын Якутск хотноо үргэлжилж буй эмэгтэй даамчдын “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээний эхний дөрвөн тойргийн тоглолт болж өнгөрлөө. Дэлхийн шилдэг 12 даамчин өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас улсын аварга Э.Мандахнаран оюун ухаанаа сорьж байгаа бөгөөд тэрбээр 22-нд буюу тэмцээний нээлтийн өдөр эхний тойргийн тоглолтоо Голландын Нина Хоекмэнтэй хийж тэнцсэн талаар бид мэдээлсэн билээ.

Харин өчигдөр тэмцээний хоёр ба гуравдугаар тойргийн, өнөөдөр өглөө дөрөвдүгээр тойргийн тоглолтууд болсноос Э.Мандахнаран бүх тоглолтдоо тэнцжээ. Хоёрдугаар тойрогт манай тамирчин Беларусийн Ирина Пашкевичтай тоглож, тэнцсэн бол гуравдугаар тойрогт ОХУ-ын Ирина Платоноватай, харин дөрөвдүгээр тойрогт Украйны даамчин Ольга Балтажитай тус тус өрсөлдөж, тэнцсэн байна. Ийнхүү дөрвөн тоглолтын дараах байдлаар манай тамирчин дөрвөн оноотой байгаа бол Латвийн Зояа Голубева гурав хожиж, нэг тэнцсэн амжилтаар долоон унаатай тэмцээнийг хошуучилж байна.

Э.Мандахнаран тавдугаар тойргийн тоглолтоо Голубевагийн эсрэг хийх юм.
500 мянган рублийн шагналын сантай “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 29-нд өндөрлөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж