Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай санаачлагыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай санаачлагыг дэмжив

Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын /АХАИББХ/  Ажлын тусгай хэсгийн уулзалт ба Ахлах  албан тушаалтны хорооны хуралдаан 2014 оны 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотод болж, уг хуралдаанд Монгол Улсаас Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцов.
Хуралдаанаар 2014 оны 5 дугаар сарын 21-нд Шанхай хотноо болох АХАИББХ-ын IV дээд хэмжээний уулзалтаас гаргах тунхаглалын төслийг хэлэлцэж үндсэнд нь сайшаав.


Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай Улаанбаатарын яриа хэлэлцээ бий болгох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагыг дэмжсэн заалтыг тунхаглалын төсөлд оруулжээ. Зарим улс өөр болон эсрэг саналтай байсан боловч хэлэлцүүлгийн явцад байр сууриа өөрчилж, манай улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжив.
Мөн тунхаглалын төсөлд Улаанбаатар дахь Далайд гарцгүй орнуудын судалгааны төв болон Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дэмжих тухай заалтуудыг тусгажээ.


АХАИББХ-ыг 2010 оноос өнөөг хүртэл БНТурк Улс даргалж ирсэн ба энэ үүргээ 2014 оны 5 дугаар сард БНХАУ-д шилжүүлэх юм.Тус байгууллагад эдүгээ 24 гишүүн улс, 9 ажиглагч улс, 3 ажиглагч олон улсын байгууллага бий. Монгол Улс тус байгууллагад 2001 онд элссэн бөгөөд түүнийг үндэслэн байгуулагч орны нэг юм.
 

Эх сурвалж: www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж