Загварын долоо хоног үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Загварын долоо хоног үргэлжилж байна

Урлах эрдэм загварын товчоо “Fashoin week” загварын долоо хоногийг хийж эхлээд хэдэн жил өнгөрчээ. Жил ирэх тусам чансаажиж, тухайн улирлын загварын чиг хандлагыг тодорхойлдог болоод байгаа энэхүү арга хэмжээ улам бүр хүрээгээ тэлэн байгаа билээ. Урлах эрдэм дээд сургууль, GT загварын товчоо, “Total music”, ”Mongol model” агентлаг хамтран зохиож буй  “Summer fashion week” нь зөвхөн хувцас загварын үзүүлбэр төдийгүй зах зээлийг бий болгон залуусын хувцаслалт, биеэ авч явах болон харилцааны соёлд мэдлэг өгөх зорилготой юм. “Загварын долоо хоног зохиож байна гэдэг дэлхийн соёлт ертөнцтэй нэг агаараар амьсгалж байна” гэсэн зарчим энэхүү шоуны  нэр хүндийг улам өргөдөг. Монголын загварын ертөнцөд арав гаруй жил ажиллаж чамгүй уран бүтээл хийн гадаад дотоодын загварын шоу, тэмцээнд оролцдог “Урлах эрдэм” загварын товчооныхны бүтээсэн энэ зуны загварын шоуг Монгол модель агентлагийн загвар өмсөгчид, мисс Ч.Содтуяа нар өмсөн сонирхуулж байна. Хувцас загварын шинэ коллекцуудыг танилцуулах шоунд өнөөдөр “Төрөл бүрийн загварын коллекцууд”, “Үндэсний стилийн гоёлын болон өдөр тутмын загвар”, маргааш “Ажил хэрэгч хүмүүст зориулсан өдөр тутмын коллекцууд”, бямба гаригт “Шифоноор урласан загварын бүтээлүүд”, ням гаригт “Baby show” болон загварын коллекцуудаас сонирхуулна. Эдгээрээс шилдэг загваруудыг хаалтын өдөр нэгтгэж сонирхуулдаг уламжлал энэ жил ч давтагдах гэнэ. Долоо хоногийн турш үзүүлж байгаа өөр өөр коллекцуудаа шинэлэг тайз засал, нүүр будалт, үс засалт гээд өргөн хүрээнд зохиож байгаа юм байна. Тайз заслын ажлыг бүхэлд нь Урлах эрдэм дээд сургуулийн интерьер, эктрьерийн салбарын багш, оюутнууд хийж, өдөр бүр өөрчилж байгаа юм. “Ард” кино театрын урлагийн танхимд болж байгаа энэхүү загварын долоо хоног энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж