Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийг тус улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Др.Тонглун Сисулит өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр, талууд Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны механизм, түүний дотор Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, АСЕАН-ны Яриа хэлэлцээний түнш болох Монгол Улсын хүсэл эрмэлзэл, Далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах асуудал болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгууль зэрэг олон асуудлаар илэн далангүй санал солилцов. Гадаад хэргийн сайд Др.Тонглун Сисулитыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсан Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгыг талархан хүлээж авав.
Дэд сайд Д.Ганхуягийг мөн Лаос-Монголын ЗГХК-ын лаосын хэсгийн дарга, Эрүүл мэндийн сайд Др.Эксаван Вонгвичит хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр, талууд “Лаос, Монголын найрамдал” эмнэлгийн өргөтгөл, засварын ажил амжилттай дуусч, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Лаост удаан хугацаагаар газар түрээсэлж цагаан будаа тариалах, мод боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах, Лаосын Саваннакет мужийн эдийн засгийн чөлөөт бүсэд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр газар түрээслэх зэрэг тодорхой асуудуудаар санал солилцов.
Эх сурвалж: www.mfa.gov.mn