“Зээлийг Япончуудаар төлүүлэх боломжтой”

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

“Зээлийг Япончуудаар төлүүлэх боломжтой”

-Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихирого менежментийн асуудалд тус улсын тал хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Хэрэв энэ асуудал хэрэгжвэл зээлийг манай улсын төрөөс биш Японы хувийн хэвшлийн компаниуд төлөх боломжтой гэсэн дүр зураг харагдаж байна-

Монголын Иргэний нисэхийн анхны онгоц хөөрч, нислэг хийж байсан Хөшгийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудлыг барих ажил өнгөрсөн оны зургаадугаар сараас эхэлсэн. Нисэх онгоцны буудал барих ажлын явцыг “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл”-ийн захирал Н.Энхбатаас тодрууллаа.

-Олон улсын нисэх буудал барих ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Өнөөдөр талбай дээр 400 орчим хүн 220 орчим техник ажиллаж байна. Манай төсөлд нийт 22 туслан гүйцэтгэгч шалгараад ажиллаж байгаагийн 80 орчим хувь нь дотоодын гүйцэтгэгчид байна.  Нийт ажлыг 100 хувь гэж үзвэл одоо 10 хувьтай явж байна. Төлөвлөгөөгөөр бол  8.8 хувь байхаар заасан. Энэ жил цаг агаар харьцангуй сайн байгаа болохоор ажил эрт эхлэж, саатах зүйлгүй сайн явж байна. Таван сараас эхлээд гүйцэтгэгч компаниуд нэмэгдэх байх. Энэ улиралд нийт 1000 орчим хүн талбай дээр ажиллах болов уу.

-Зам барих ажилд хөрөнгө мөнгө дутагдаж,  хүндрэл үүсч болзошгүй гэж албаны хүмүүс хэлж байсан. Хурдны зам тавих ажил ямар төюшигд байна вэ?

-Хүндрэл гэвэл бидэнд ерөөсөө замын асуудал л байна. Зам тавих ажлыг манай улс бүхэлд нь хариуцахаар байгаа. Нийслэлээс Нисэхийн товчоо хүртэлх 6.6 километр зам энэ жилдээ багтаад ашиглалтад орох байх. Харин түүнээс цаашхи зам концессийн жагсаалтад орчихсон байгаа. Бидэнд байгаа мэдээллээр гэрээ хэлцлийн шатанд яваа гэсэн. Зам үнэхээр муудсан болохоор тээвэрлэлт хийхэд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Үүнээс өөр хүндрэл, саатал бидэнд алга. Онгоцны буудал барих төсөв, мөнгөө Японы талаас саадгүй шийдвэрлэж байгаа.

-Санхүүжилт нь Японы талаас болохоор манай улсын эдийн засгийн хүндрэлээс хараат бус байгаа байх л даа?

– Тийм шүү. Манай төсөлд Монгол Улсын эдийн засгийн хүндрэл нөлөөлөхгүй. 

-Нийт 49.5 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авахаар болсон. Энэ мөнгийг эргүүлэн төлөхөд хүндрэл гарах болов уу?

-Японы зээл бол харьцангуй “хямд мөнгө” юм. “Хямд мөнгө” гэж тодотгож байгаагийн учир нь аливаа мөнгө орж ирэхээрээ хүү дагуулж явдаг шүү дээ. Олон улсын нисэх онгоцны буудал барихад зориулан авсан зээл бол 40 жилийн хугацаатай, эхний 10 жил хүүгийн  төлбөргүй. Сүүлийн 30 жилд зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй төлөх юм.  Энэ бол Чингис бонд зэрэг бусад зээлээс хугацаа урт, зээлийн хүүгийн  хувьд арав хорь дахин бага гэсэн үг. Иймээс эргээд төлөхөд хүндрэл гарахгүй байх.

-Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихирого онгоцны буудлын менежментийн асуудалд хөрөнгө оруулалт, хийж хамтран ажиллах хүсэлт гаргасан. Зам тээврийн сайд А.Гансүх ч энэ саналыг дэмжихээ мэдэгдлээ. Хэрэв Япончууд онгоцны буудлын менежментийг хариуцвал зээлийг манай улс төлөхгүй байх боломж гарч ирэх магадлалтай гэж бодогдлоо?

-Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихирого менежментийн асуудалд тус улсын тал хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Хэрэв энэ асуудал хэрэгжвэл зээлийг манай улсын төрөөс биш Японы хувийн хэвшлийн компаниуд төлөх боломжтой гэсэн дүр зураг харагдаж байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж