Барак Обамагийн Азийн айлчлал

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Барак Обамагийн Азийн айлчлал

АНУ-ын төрийн тэргүүний Азийн айлчлал энэ дөрөвдүгээр сарын 23-нд Япон улсад зочилсноор эхэлж, Өмнөд Солонгос, Малайз улсаар үргэлжилж байна. Тэрбээр  өнөөдөр Филиппинд очоод маргааш Азийн айлчлалаа өндөрлөх юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлалын гол зорилго нь Хятадын хүчирхэгжилтэд бэлтгэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал юм. Мөн дэлхийн хоёрдугаар дайнаас болж сэв суусан Өмнөд Солонгос, Япон улсуудын харилцааг сайжруулахад анхаарах асуудал ч Зүүн Өмнөд Ази, Ази-Номхон далайн энх тайван байдлыг хадгалахад чиглэгджээ. Үүний зэрэгцээ Барак Обама тус улсуудтай эдийн засгийн харилцаа холбоогоо нэмэгдүүлэх асуудлыг орхигдуулаагүй юм. Айлчлалынхаа үеэр Барак Обама Японы Ерөнхий сайд Шинзо Абетай оройн зоог барьж, Өмнөд Солонгос, Малайз, Филиппиний төр засгийн тэргүүнүүдтэй харилцан уулзалт хийсэн ба Филиппиний талтай Батлан хамгаалахын 10 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

 

Обама Японы талд зогсоно

 

АНУ-ын Төрийн тэргүүн Барак Обама Азийн дөрвөн улсад хийсэн айлчлалаа энэ дөрөвдүгээр сарын 23-нд Япон улсаас эхлүүлсэн юм. Обамагийн Япон дахь айлчлал 23-25-ны өдөр хоёр хоног, гурван өдөр үргэлжилсэн юм. Япон улс 1996 оны Ерөнхийлөгч Клинтоны айлчлалаас хойш 18 жилийн дараа Барак Обамаг төрийн зочны зэрэглэлээр угтан авсан нь энэ. Токиод газардсаныхаа дараа Барак Обама Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй албаны бус оройн зоог барьсан юм. Тэрээр Японд айлчлах үеэрээ Ази дахь АНУ-ын стратегийн тэнцвэрт байдалд Токиогийн идэвх санаачилгатай энх тайванч үзлийг онцолсон билээ. Мөн АНУ-Японы эвсэл нь бүс нутгийн энх тайвныг хадгалахад гол үүрэг гүйцэтгэхийг мэдэгджээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Барак Обама нар Хятадын тэнгисийн цэргийн өсөн нэмэгдэж буй дурьдаж, далайн энх тайван байдал, олон улсын хууль дүрмийг хүндэтгэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн тэрээр Дорнод, Өмнөд Хятадын тэнгист гарсан сүүлийн үеийн үйл явдлууд нь бүс нутагт түгшүүртэй байдлыг бий болгож буйг онцолж, маргаантай арлын асуудалд Японыг дэмжихээ мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хятадтай маргаантай байдаг арлуудыг АНУ-Японы батлан хамгаалах гэрээнд хамруулна хэмээн хэлсэн юм. Энэ нь Хятадын зүгээс далайн маргаантай бүсэд хүч хэрэглэсэн тохиолдолд АНУ Японы талд тулалдана гэсэн утгатай аж. Үүгээрээ Барак Обама АНУ Японыг дэмжиж буй гэх таамгийг баталжээ.

 

Обама эмгэнэл илэрхийлэв

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Японоос шууд Өмнөд Солонгос улсыг зорьсон. Тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хетэй Солонгосын хойгийн аюулгүй байдал болон эдийн засгийн асуудлаар ярилцжээ. Холбоотон орнуудын төрийн тэргүүнүүд уулзалтынхаа эхэнд Солонгосын хойгийн аюулгүй байдалд заналхийлэгч Хойд Солонгос улс дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийх гэж буй гэх “шум” –ын талаар хэлэлцсэн аж. Мөн тэд Дундад Азийн энх тайван байдлыг алдагдуулагч Хойд Солонгосыг үүсгэн байгуулахаас эхлэн Хятадын талаас нөлөө их байж, дэмжин турхирч буйг буруушаажээ.  Түүнчлэн Барак Обама энэ дөрөвдүгээр сарын 16-нд Япон тэнгист осолдож живсэн “Севол” хөлөгний осолд эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр “Миний хоёр охин ослоор амь үрэгдсэн сурагчидтай нас ойролцоо. Би үр хүүхдээ алдсан эцэг эхчүүдийн зовлон, шаналлыг төсөөлж байна” хэмээн хэлсэн байна.

 

Обама Малайзад

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Азийн айлчлалд багтсан гурав дахь орон бол Малайз улс юм. Барак Обамагийн айлчлал Малайзын хувьд сүүлийн 50 жилд анх удаа АНУ-ын төрийн тэргүүний түвшинд хийсэн айлчлал болжээ. Зүүн Өмнөд Азийн Малайз улсад хийсэн айлчлалынхаа үеэр Барак Обама хүний эрхийг хамгааллыг сайжруулах асуудлыг Засгийн газарт хандан уриалжээ. Гэхдээ тэрээр Малайзын сөрөг хүчний тэргүүн Анвар Ибрахимтай хийх уулзалтаа цуцалснаар хүний эрхийн асуудлаар хэлэлцэх алтан боломжоо үгүй хийсэн байна. Барак Обама өөрийнхөө оронд үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзан Райсыг Анвар Ибрахимтай уулзуулсан аж. Барак Обама Малайзын Ерөнхий сайд Нажиб Разактай уулзах үеэрээ тус улсад улстөрийн чөлөө байдал хязгаарлагдмал байгаад зовниж буйгаа илэрхийлж, шинэчлэлт хийхийг уриалжээ. АНУ-ын Төрийн тэргүүн Малайзад хийсэн айлчлалаа бизнесийн арга хэмжээтэй холбоотойгоор ийнхүү өндөрлүүлсэн байна. Гэхдээ энэ үеэр Америкийн “General Electric Co.”, “Verdezyne Inc.”, “MetLife Inc.” компанийн захирлууд Малайзын талтай хоёр тэрбум орчим ам.долларын гэрээ үзэглэж амжсан аж.

 

Филиппинтэй Батлан хамгаалахын гэрээ байгууллаа

 

АНУ-ын төрийн тэргүүний Азийн дөрвөн улсад хийсэн айлчлал Филиппин улсаар энэ дөрөвдүгээр сарын 29-нд өндөрлөнө. Филиппинд Барак Обамаг Ерөнхийлөгч Бэниньо Акино хүлээн авч уулзаж, төрийн хүндэтгэлийн оройн зоогонд урьсан байна. Манилад үргэлжилж буй Барак Обамагийн айлчлалын үеэр АНУ Филиппиний талтай Батлан хамгаалах, цэрэг армийн хамтын ажиллагааны 10 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Гэрээнд Филиппиний Батлан хамгаалахын сайд Волтайре Газми,  АНУ-ын талаас Элчин сайд Филип Голдберг нар гарын үсэг зурсан байна. 10 жилийн хугацаатай Батлан хамгаалахын гэрээний ачаар АНУ-ын арми  Филиппиний талтай хамтран  цэргийн дасгал сургуулилт хийж, хамтран ажиллах боломж нээгджээ. Филиппин улс АНУ-ын колони байхад  Нэгдсэн улсын армийн томоохон баазууд энд байрлаж 1990-ээд оныг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан юм. Энэ нь Хятадын цэргийн хүчирхэгжилтэнд бэлтгэх ажлынх нь нэг хэсэг аж. Бээжин нь Өмнөд Хятадын тэнгис дэх хэсэг арлыг багтаасан далайн “U” хэлбэртэй хэсгийг өөрийн эзэмшилд авахаар Филиппин, Малайз, Япон зэрэг орнуудтай газар нутгийн маргаантай байгаа юм.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж