Монгол төрийн жолоог атгаж байгаа Ардчилсан намд хэдхэн үг хэлэхгүй бол болохгүй нь. Төсөв, засаглалын хямралыг арилгах зорилго бүхий Ерөннхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл, энэ хуулийн төслийг энэ оноос хэрэгжүүлэхийг дэмжиж санал өгсөн УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаасаа хөөх шийдвэр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудал дээр баримталж байгаа танай намын байдлыг ажаад ийнхүү үг хэлмээр санагдлаа. “Та нар ингэхэд төр бариад байна уу, эсвэл нэг нэгнээсээ хариу аваад байна уу” гэж асуумаар.
Нэг намын туган дор нэгдсэн юм бол нэг зүг рүү хараач, нэг байр суурь дээр эрх ашгаа нэгтгээч, маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэсэн бодлоо хаяач. Дотроо хөлөө жийлцээд хэн хожих вэ? Мэдээж та нарын өрсөлдөгч нар л хожно шүү дээ. "Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүй" гээд ил зарлаад явж байгаа сөрөг хүчнийхнийг яах вэ? 2016 он, 2020 он та нарт хэрэггүй юу. Ардчилсан үзэл санааг дэмжиж та нарыг засгийн эрхэнд гаргасан ард иргэдийнхээ эрх ашгийг бодооч. Бид өөрсдөө байхгүйгээс 2016 он, 2020 оныг бодох хэрэггүй гэж байгаа юмуу. Та нар байхгүй ч үр удам чинь амьдарсаар байна. Үр удмаа өөрсдөөсөө илүү сайн сайхан амьдрахыг эцэг эх бүр хүсдэг шүү дээ. Үүний төлөө АН-ыг сонгосон олныхоо итгэлийг битгий хөсөрдүүлээч. Ирээдүйгээ хараад, эв нэгдэлтэй байх цаг ирээд байна. Эс бөгөөс түүхийн хуудаснаа Исмэл сайдын дүрээр үлдэхэд ойрхон байна, танай нам.
Дэмжигч А.ТУЛГА