Шинэчлэлээс чаргуулдагчдаа огцруулмаар юм

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Шинэчлэлээс чаргуулдагчдаа огцруулмаар юм

Ардчилсан нам шинэчлэгчийн түүчээгээ огцруулах гэхээсээ шинэчлэлээс чаргуулдагчдаа огцруулмаар юм


Шинэчлэлийн хэмээх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч болзошгүй тухай яригдаж байна. Энэ нь давхар дээл буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах эсэхтэй холбоотой шинэ хуулиас эхтэй юм. Хэрвээ сайд нарынх нь тавин хувь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсарч ажиллаж болохгүй гэсэн хууль  гарвал энэ засаг огцорч таарна. Гэхдээ уг хуулийг дагаж мөрдөх хугацааг яаж тогтоохоос бүх зүйл хамаарна.

Гэтэл энэ засаг давхар дээлээ тайлахаасаа өмнө буюу хуулиар огцрохоосоо  урьтаж  хуулийн  шинэчлэлийг гардан гүйцэтгэж байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахаар яаран тэвдэж, хамгийн түрүүнд барьж авсан нь ямар нэг учир агуулж  байна уу, үгүй юу.

Уул нь Х.Тэмүүжин сайд өнөө "давхар дээл" хэмээх томъёоллоор нь огцроод байхааргүй статустай хүн л дээ. Яагаад гэвэл Засгийн газрын Үндсэн чиг үүргийн дөрвөн яамны нэгэнд түүний толгойлж байгаа Хууль зүйн яам зүй ёсоор багтдаг. Тиймийн учир "давхар дээл"-ээр лав огцрохгүй. Харин үүнийг намын нөхөд нь мэдсэн юм шиг, энэ Тэмүүжин ганцаараа огцрохгүй үлдчих вий гэж айсан юм шиг шинэчлэгч рүүгээ юун түрүүнд дайрч байна уу даа гэх хардлагыг төрүүлэхэд хүргэж байна.

Х.Тэмүүжин сайд л ажлаа өгөхгүй бол шинэчлэлийн гэх энэ засаг болоод түүний удирдан чиглүүлж буй Хууль зүйн яам баларчихаад байгаа хэрэг үү. Лав л өнгөн талаасаа тийм зүйл мэдрэгдэхгүй байх юм. Харин Н.Алтанхуягийн засгаас огцруулчихаж болохоор хэд хэдэн сайдын нэр яригдаад удаж байгаа. Эрхэм төрийн түшээдэд ч, энгийн олонд ч зарим сайдуудыг огцруулчихвал таарна гэсэн дэл сул яриа дуулдах болсныг бид гадарлаж байгаа билээ.

Тухайлбал, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж "Зүгээр л огцроод өгөхөд гадны хөрөнгө оруулалт тавин хувиар нэмэгдчих хоёр сайд энэ засагт байна" гэж хэлсэн. Нямдоржийн хэлсэнчлэн тэр хоёр сайд хэн байж таарах вэ. Бодох нь ээ, Оюу толгой болоод гадны хөрөнгө оруулагчдад ясны өстэй гэдгээ ил зарласан Уул уурхайн сайд Д.Ганхуягийг хэлсэн байх. Мөн гадны хөрөнгө оруулагч нартай уулзахдаа "Эдийн засгийн алуурчид сайн уу" гэж мэндэлдэг, намынхаа нөхөдтэй уулзахдаа хүртэл "Цаг нар харж байж болно" гэдэг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг хэлсэн болов уу. Тэгж л тааж таамаглаад байна.

Хэрвээ энэ хоёр сайдыг огцорчихсон байхад ард түмэн нэг их гайхаад байхгүй. "Энэ удаагийн Засгийн газрын хамгийн гол хоёр яамыг ийм хүмүүсээр удирдуулаад байхдаа яахав дээ. Наад хоёр сайдаас чинь болж хөрөнгө оруулалт зогслоо, эдийн засаг элгээрээ хэвтлээ" хэмээн хэн хүнгүй ярьж бичиж, санаа бодлоо хэлж эсэргүүцэж ирсэн. Тиймийн учир "ард түмэн нэг их гайхахгүй болов уу" гэж хэлээд байна л даа.

Харин гарч ирснээсээ хойш л хууль, эрх зүй, шүүхийн шинэчлэлийг ярьсан, түүнийг гардан гүйцэтгэж байгаа шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн нүүрийг тахалж буй ганц сайдаа огцруулчихаад Ардчилсан намын нөхөд юу бодож суух вэ. Түүнийг огцруулсан асуудлаа Засгийн газар олон түмэнд юу гэж тайлбарлах вэ. Ухаандаа, хөндлөнгийн нэгэн компанийн өмнөөс огцруулчихлаа гэж хэлэх үү. Тодруулбал, цэргийн хоёр эмнэлгийг нэгтгэн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болгосон. Тэрхүү үйл явцад хариуцаж буй яамных нь барилгаас 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий MRI аппарат эвдэрсэн байдаг. "Пролианс" гэж хөндлөнгийн нэгэн компани уг аппаратын бүрэн бүтэн байдлыг хариуцаж байсныг бид мэднэ. Тэгэхээр манай засаг ноёд Баасанхүүгийн өргөн мэдүүлснээр уг компанийн өмнөөс шинэчлэлийн туг болсон сайдаа огцруулчихлаа гэж олон түмэнд тайлбарлах уу.

Мөн айлд хүүхдээ суулгасан ялих шалихгүй гэх асуудлаас болоод огцрууллаа гэх үү. Эл бүгдийг тайлбарлахад үнэндээ хүнд байна. Хууль зүйн сайдыг хэрхэн яагаад огцруулснаа энэ Засгийн газар, Их хурал ард түмэнд тайлбарлах л болно. Ард түмэн төр засгаас шаардах ч байх. Ер нь Х.Тэмүүжинг огцруулах гэдэг асуудал нийгмийг бараг босгочихоод байгаа. Бүх  цахим ертөнц, ил далд хэвлэл мэдээлэл  олон нийтийн байгууллагууд эрс эсэргүүцэж байгаа.  Бүр мэдэгдэл гаргаж хийхдээ хүрээд байна.                 

"Ардчилсан нам Тэмүүжин сайдыг огцруулбал, Тэмүүжин АН-ыг орхих хэрэгтэй. Ардчилалгүй АН-аар яахын. Чадлаараа ганцаараа улс төр хийхэд хол явна", "Тэмүүжинг огцруулсан нь энэ засгийн товчоонд хамгийн хар, новшийн протокол болж үлдэнэ. Огцруулсан хүмүүс нь ч тиймээр дурсагдах байх", "Тэмүүжин огцорно гэдэг шударга ёсыг шороонд булж, шоронд хатаасантай бараг адилхан", "Тэмүүжин сайдыг огцруулахыг төрийн тэргүүн зүгээр хараад суухгүй. Бид ийм Хууль зүйн сайдтай байгаа нь азтай улс гэж Ерөнхийлөгч хэлж байсан" гэж цахим ертөнцөөр шуугиж байна. Ил далд ийм л өмөөрсөн өнгө аяс бүхий мэдээлэл зогсоо зайгүй цацагдаж, нийгэм тэр аяараа босчихоод байхад төр засгийн зүгээс өгөх дээрх тайлбарууд үнэндээ жулдана л даа.

Бүр сүүлдээ Ерөнхийлөгч хүртэл уг асуудалд оролцож "Түүнд дутагдал бий. Хэрвээ дутагдлаа засчих юм бол энэ засгаас эхэлж огцруулах сайд биш" хэмээн твиттер хуудсандаа бичсэн байсан. Мөн телевизийн шууд ярилцлагад орохдоо "Тэмүүжин бол өөрийн гэсэн үнэт зүйлтэй залуу хүн. Алдах юм байлгүй л яахав. Гэхдээ энэ хүн суралцаж байгаа. Цаашдаа улам эрч хүчтэйгээр ажиллах байх" гэж хэлсэн. Төрийн тэргүүнээс аваад бүх хүмүүс ийм л санаа бодолтой байна.

Гэтэл эрх баригчид маань огцруулна гэж дайраад байгаа. За яахав, шинэчлэлийг гардан хийж буй сайд нь огцорлоо гэж бодъё. Харин  шинэчлэлээс улдан чангааж буй хүмүүс нь үлдчихээр энэ засаг юу болж хувирах вэ. Нэг л буруу шийдвэр гаргаад, буруу тийшээ зүтгээд байгаа юм биш үү. Өнгөн талаасаа тэгж л харагдах юм. Ямар ч хүнийг шийтгэн, албан тушаал цол хэргэмийг нь бууруулж байгаа бол заавал ч үгүй үндэслэлийг нь хэлэх хэрэгтэй байдаг. Бүр чиг тодорхойгоор олон түмэнд тайлбарлах нь зүйн хэрэг. Ерөөс хүний ёс зүй, амьдралын хууль тийм л байдаг.

Гэтэл Тэмүүжин сайдыг огцруулж буй шалтаг шалтгаан нэг л итгэл үнэмшил төрүүлэхгүй, олонд нийтэд хүргэх тайлбар нь ултай суурьтай биш байна. Тиймээс эрх баригч Ардчилсан намын нөхөд минь шинэчлэгчийг хошуучлагчаа огцруулахын оронд шинэчлэлээс улдан чангааж буй чаргуулдагчдаа огцруулмаар юм биш үү.


Н.ГАНТУЛГА

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж