УИХ дахь АН-ын бүлгийн хурал түр завсарлагааны үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас зарим зүйлийг тодрууллаа.
-Р.Бурмаа гишүүнийг намаас хөөх талаар яригдах боллоо. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Намын хариуцлагын журмын 3.4-ийн гуравдугаар бүлэгт Хяналтын хорооны шийдвэр дангаараа бол хүчин төгөлдөр биш. Хяналтын хорооны шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж баталгаажуулж байж түүний дараа шийдвэр гардаг. Тэгэхээр Хяналтын ерөнхий хорооны Р.Бурмаа гишүүний асуудлыг авч хэлэлцсэн хурлын шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороо хэлэлцэж байж шийднэ.
-Р.Бурмаа гишүүний ямар байр суурьтай холбож ийм шийдвэр гаргаж байгаа юм уу?
– Р.Бурмаа гишүүний санал одоогийн Засгийн газрыг долдугаар сарын 1-нд дуусгах нь зөв гэсэн шийдвэр мэт харагдаж байна. Түүнийг Засгийн газрыг огцруулах шийдвэрт санал өгсөн гэж үзэж байгаа.
-Засгийн газрыг тогтвортой байлгах нь зөв гэж АН үзэж байгаа юм байна. Үүний тулд ямар арга хэмжээ авах уу?
-Мэдээж, энэ бол АН төдийгүй монголын ард түмний хүсэл. Улс орон тогтвортой байж эдийн засгийн хөгжил урагшилна.
-Ер нь бусад гишүүдэд хариуцлага тооцох асуудал яригдах уу. Тухайлбал, Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нарт?
-Тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд бол өөр л дөө. Тойргоос сонгогдсон гишүүдийн өөрсдийнх нь эрхийн асуудал болж байгаа юм. Харин жагсаалтаар орж ирсэн гишүүдийн хувьд намын шийдвэрийг дагах хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүнд нэг хуулийн цоорхой байгаа юм. Улс төрийн намуудын тухай хууль 2005 онд батлагдсан. Тухайн үед манайх можаритар системтэй байсан. Харин 2012 оны сонгуулийн хуульд холимог систем орж ирсэн. Тэгэхээр жагсаалтаар орсон гишүүнийг ингэнэ гэсэн заалт аль ч хуулинд байхгүй.
-Р.Бурмаа гишүүний хувьд яг ямар шийдвэр гаргасан юм?
-Нэр бүхий 13 намын гишүүнээс ирсэн өргөдлийг Хяналтын ерөнхий хороо авч хэлэлцээд Р.Бурмаа гишүүний өгсөн санал нь намын шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг огцруулах шийдвэрт саналаа өгсөн байна гэж үзсэн. Энэ нь намын дүрмийг зөрчсөн үйлдэл. Гэхдээ дахин хэлэхэд Хяналтын ерөнхий хорооны шийдвэр Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар баталгаажиж байж эцсийн шийдвэр болдог. Тиймээс хэрвээ энэ шийдвэрийг цааш нь баталгаажуулья гэвэл ҮЗХ хуралдах ёстой.
-ҮЗХ-ны хурлаа хэзээ зарлах вэ?
-Тэрийг дүрэмд заасны дагуу намын дарга, эсвэл ҮЗХ-ны гуравны нэг хувь нь санал өгснөөр шийднэ.
Ш.ОЧ