Монгол Улсын хил тайван байна уу?

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Монгол Улсын хил тайван байна уу?

Энэ асуултын хариуг Хил хамгаалах газрын мэдээллээр уншигчдадаа хүргэе. Хэдийгээр санаатай халдлага манай улсад нүүрлэдэггүй ч гадаад, дотоодын иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж, иргэд явган болон унаатай хил зөрчих, мал адгуус хил давах, хээрийн түймэр хилийн бүсэд нэвтрэх зэрэг зөрчил байнга гарч байдаг ажээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын маань хил дээр зөрчил цөөнгүй илэрч, тэр бүхэнд энх цагийн харуул эр цэргүүд сонор соргог ажилласан байна.

Хил давсан адууг буцаав

Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хилийн 0245 дугаар ангийн дугаар заставын хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас таван толгой адуу бэлчээрээр хил давж ирснийг хилийн манаа илрүүлэн, орж ирсэн чиглэлээр нь буцаан гаргаж ОХУ-ын талд Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт нийт 55 толгой мал бэлчээрээр улсын хилд тулсныг хилийн манаа илрүүлэн саатуулж, малыг эздэд нь хүлээлгэн өгсөн байна.

Зэвсэгт этгээдийг саатуулжээ

Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хилийн 0257 дугаар ангийн дугаар заставын хариуцсан хэсгийн хилийн зурваст зэвсэгтэй хүн явж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу хилчид эрлийн ажиллагаа зохион байгуулснаар улсын хилээс зургаан километрт нэг явган хүнийг саатуулсан байна. Уг этгээд нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Т.Баттулга бөгөөд улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан болох нь тогтоогджээ. Түүнийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Согтуу иргэд дэглэм зөрчив

Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хилийн 0243 дугаар ангийн дугаар заставын хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлд хилээс 14 километрт хил орчмын дэглэм зөрчсөн автомашин уналгатай Сэлэнгэ аймгийн харьяат хоёр, Шаамар сумын харьяат зургаан иргэнийг хилчид илрүүлэн саатуулжээ. Эдгээр иргэд нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогдоогджээ. Хэргийг Хилийн тагнуулын алба шалгаж байна.

Хилчид түймэр унтраалаа

Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хилийн 0146 дугаар ангийн дугаар заставын хариуцсан хэсэгт улсын хилээс 14 километрт хээрийн түймэр гарч, хилийн дагуу 60 орчим километр газар шатжээ. Түймрийг унтраахаар хилийн отрядын төвөөс болон заставаас бүлэг ажиллаж, дөрөвдүгээр сарын 26-ны өдөр түймрийг бүрэн унтраасан байна. Уг түймрийн улмаас утсан холбооны шон болон хилийн торон саадны шонгууд шатжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж