Түүнчлэн бүлгийн хуралдаанаар Зам тээврийн сайд А.Гансүхээс салбарын асуудалтай холбоотой мэдээлэл сонсох гэсэн боловч сайд ирээгүй байна. Харин орон тооны бус ажилтан н.Мөнх-Од гэдэг хүнийг явуулсанд бүлгийн гишүүд ихээхэн дургүйцсэн байна. Учир нь, "Шударга ёс" эвслийн бүлэг Зам тээврийн сайд А.Гансүхийг өмнө нь бүлгийн хурал дээрээ дуудаж мэдээлэл авахыг хүссэн боловч ирээгүй байна. Тиймээс дээрх явдалд бүлгийн гишүүд дургүйцэж, шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр "УИХ дахь намын бүлэг гэдэг бол хууль батлах, гаргах томоохон субьект. Үүнийг үл тоож бүлгийн хурал дээр мэдээлэл хийхгүй өнгөрөх нь байж боломгүй асуудал. Тиймээс А.Гансүх сайд өөрийн эрх үүргийн ажлаа өөрөө хийж, биелүүлэх ёстой" хэмээн мэдэгдлээ.
Үүний дараа эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. "Шударга ёс" эвсэл ямар байр суурьтай байгаа вэ?
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлаар Хууль зүйн байнгын хороо хуралдаж тодорхой шийдвэр гаргасныг та бид мэдэж байгаа. Тиймээс байнгын хороон дээр гарсан тэр шийдвэрээрээ л цаашид үргэлжлэх байх.
-"Давхар дээл"-ийн хуулийн төсөлд нэгдсэн байр сууринд хүрсэн үү. Эвслийн бүлгийн гишүүд энэ асуудалд байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл байна?
-Энэ асуудлаар дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа. Уул нь чуулганы хуралдаанаар гурав хоногийн завсарлага авахыг хүссэн ч УИХ-ын дарга зөвшөөрөөгүй. Ер нь давхар дээлийг дан болгох ёстой гэдэг дээр аль аль нам санал нэгтэй байгаа. Манай бүлгийн хувьд Монгол Улсын Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байна. Харин ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартай хариуцлага тооцох ёстой. Цаашлаад огцруулах хэрэгтэй. Ерөнхийлөгч ч гэсэн ингэж үзэж хуулийн төслийн хугацаатай холбоотой асуудлаар хориг тавина гэсэн.
-МАХН-МҮАН-ын АН-тай хийсэн гэрээний асуудлаар мэдээлэл өгнө үү, гэрээ ил болсонтой холбоотойгоор өөр хувилбар яригдах уу?
-Гэрээний хувьд яг одоогийн байдлаар ямар нэгэн шийдэлд хүрсэн зүйлгүй. Тодорхой хэмжээнд л яригдаж байгаа. Харин МАХН-МҮАН-ын хооронд байгуулсан есөн жилийн гэрээний хувьд зөрчигдсөн өөрчлөгдсөн зүйл байхгүй. Энэ гэрээ албан ёсны бус, ярианы түвшинд явагдсан учраас хоёр намын гэрээг зөрчсөн зүйл байхгүй.