Одоо энэ хямралын шалбаагт нохой шиг самардах уу, гахай шиг салбайх уу гэдэг л бидний өмнө үлдлээ.
Саяхан 2012 онд сонгууль болсон доо. Будаг нь ч ханхалж байна. Улс эх орныхоо шилдгийн шилдгийг сонгох гэж бид чамгүй хичээж байхад гадаадын хөрөнгө оруулалт 2.4 тэрбум доллараар буурсан. Экспортын орлого 800 саяар бас доошилсон. Экспортын орлого буурна гэдэг гадагшаа юм нь зовж борлогдож байна л гэсэн үг. Эсвэл олигтой үнэд хүрэхгүй байна гэж л ойлгодог шүү дээ. Ийм үед улстөрчид маань хэн хүнгүй ард түмэн биднийгээ амаар жаргуулж байлаа. Гэтэл тэр үед бас л 800 гаруй сая долларыг “Та нарт задартал нь түүхий эдээр угжаад өгнө өө” гээд улстөрчид маань ирээдүй цаг дээр зээл авчихсан. Хүнд шүү.
Угтаа бол хямрал 2011 оны сүүлээс эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд соргог сортоотой Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас зугтаасан. Нөгөө талаас нь харвал усан онгоц живэхэд хархнууд яадаг билээ. Яг тиймэрхүү. МАНАН маань авираа эвдэж элсэн хуй болж газар тэнгэр хутгаж эхлэх дохио өгсөн билээ. Гэвч 2012 онд амаар жаргуулагчид хамгийн панаалтай твитерчнээс ч уран жиргэсээр байв. Энэ жиргээний дараа Монгол Улсын эдийн засаг буяны дээд, баяны зузаан нь биш юм байна аа гэдэг нь монш шиг мэдэгдэв дээ.
Бид нар “Хүн шиг амьдарч Гүн шиг жаргах нь” бүү хэл юм боллоо. Бүр манго идэж, манга татах ч өнгөрлөө. Амаар жаргуулсан 2012 онтойгоо харьцуулбал зургаан их наяд төгрөг эдийн засагт дутагдсан гэсэн үг. Дээрх бүх зовлонгоос үүдээд дөрвийн дөрвөн тэрбум доллар 2013 онд таг чиг дутлаа.
Томдсон гутлаас багадсан гутлын зовлон их дээ. 100, 100 мянгуулаа гудамжинд гарах аюулын харанга дэлдэж эхэллээ. Гэвч энэ аюулын атгаалжийн хар мангасын эсрэг сөрөг арга хэмжээ авсны үр дүнд Монгол Улс ажлын байруудаа үндсэндээ хамгаалж чадсан. Ер нь бол урд урдын үйл лайгаар бодлогын нөхцөл ийм байхад доллар авгайн ааш араншинг тогтоох нь үлэмж хэцүү. Энэ нь эдийн засагт 38-40 хувь хүртэл хохиролтой туслаа. Өнөөдрийн байдлаар Монголын эдийн засагт 17 их наяд төгрөг байна. Тэгвэл нодниндоо бол зургаан тэрбум алдагдал гэдэг зовлонг 40 хувьд хүргэлгүй яах вэ?
2.
-Ийм байдалд хэрхэн хүрэв ээ?
Та одоо,
-“Арай ч дээ” гэнэ биз?
Жишээ нь, дэлхий нийтийн чихийг дэлдийлгэсэн Грекийн хямралтай их төстэй. Грекийн амаар жаргуулагч нар 38 жил өнжилгүй олсноосоо илүүг зарлагадсан байдаг. Жилдээ грек хүн 13 ч биш бүр 14 дэхь сарын цалин авч байв. Энэ нь масштабыг нь жижигрүүлбэл манайхан хоёр их наяд төгрөг талаар нэг тараасантай яг тэнцэнэ. Яг үүн шигээ манай нөхөд ажил хийгээд явж ирсэн. Олоогүй байж зээл авч ард түмнээ жаргаах гэсэн биш зовоож эхлэв. Үүний номер нэг янзуутай сайхан жишээ, Чалкогийн гэрээ.
Одоо бид гадаад худалдаагаа тэнцвэржүүлж, эдийн засгийг хорт хавдраас нь ангижруулъя гэвэл өөрийн толгойгоор бодох цаг. Гадаадын хөрөнгө оруулагчдын гар харж суух цаг биш. Уул уурхайн үлгэрт итгэж, уухайн тас гар хөлийн үсэг зурахаа болих цаг болжээ.
Өнөө моншин Монголбанк өнөөдөр зодуурын хүүхэд шиг болжээ. Уг нь тэд үе шаттайгаар эдийн засаг хувийн хэвшлээ тогтоож чадаж байгаа нь гаднаас нь харахад овоо шүү гэмээр. Одоогийн байдлыг энгийнчлэн зүйрлэвэл, манайхан гэрэл дулааны үнийг өвөл болохын өмнө л нэг огцом нэмэх гээд шаагилддаг. Хэрэв цахилгааны үнийг 60 хувь нэмье гэж үзье. Тэгвэл 12 сардаа тав таван хувиар нэмбэл ард түмэнд очих цохилтын хүч буурна даа. Үүн шиг эдийн засаг, бодит сектороо дэмжиж гурван их наяд төгрөгийн нийлүүлэлтийг тодорхой үе шаттайгаар эдийн засагт нийлүүлжээ. Болоо шүү дээ. Энэ нь Монголбанкны цагаа олсон арга хэмжээ байлаа. Хэдий мундаг ч гэсэн Золжаргал, Энхбаярын хүү хоёр ноолуур самнаад эсгий хийгээд гадагш гаргахгүй. Үүнтэйгээ адил газар хүрздэж ухаад цул алтаа банкиндаа тушаахгүй. Монголбанкны үндсэн ажил эдийн засгаа дэмжье гэвэл хэрэгтэй үед, хэрэгтэй цагт, хэрэгтэй юманд, хэрэгтэй нөхрийг дэмжих. Энэ чинь өнөө мөнгөний зөв бодлого гэнэ үү, ухаалаг төрийн зохицуулалт гэнэ үү тэр юм чинь. Тавиад туучих юмыг танагтай дээр нь бариад авах нь чухал. Энэ бол чухлаас чухал. Харин үүнийг хэн ч тэр болгон үнэлдэггүй. Яагаад гэвэл, Усан онгоц живэхэд л адмиралын сайн мууг мэдэхээс биш живүүлээгүй тохиолдолд үл анзаардагтай агаар нэгэн буй заа. Хэдий ийм ч моншин Монголбанк 6 их наяд төгрөгийг нөхөж чадаагүй, валютын урсгал сулавтар байсаар байна. Урдын бэрх дарлалыг устгасан ч угаасаа нөхцөл хүнд байгаа болтой юм. Гэлээ ч Монголбанк заль сүүхээ гаргаж мөнгөний нийлүүлтийг нөхөж байгаа нь, “ овоо доо, дүү хүү” гэмээр байгаа хэрэг. Өнөөдрийн хүнд нөхцөлд ДНБ-ний бодит өсөлтийг 11.7 хувьд барьж байгаа нь моншин Монголбанкны гавъяа гэж хэлэхгүй ч ажлаа дөрөв нэмэхтэй хийж байна гэсэн үг. Хамгийн гол нь Монголбанк 2013, 2014 онд Засгийн газарт зээл өгөөгүй нь маш том ололт юм. Төр хамгийн муу менежер гэдэг нь үнэн л юм бол шүү дээ! Харин 2011, 2012 онд л гэхэд Засгийн газар 420 гаруй тэрбум төгрөгний зээл Монголбанкнаас авсан байдаг. Энэ жишгийг аль болох алсруулах хэрэгтэй. Өнөөдөр Монголбанк Засгийн газрын аясаар хөдлөхгүй байна гэдэг тусгаар тогтнолоо олжээ гэж баярлууштай. Ардчилагдсан улс гүрнүүдэд шүүх, банк хоёр тусгаар тогтнолоо олох нь тэргүүн явдал. Ядравч янжууртайгаа гэгчээр одоогоор Монголбанк жинхэнэ утгаараа ажиллаж буй хэрэг. Энэ бүхнийг миний өчүүхэн бие яагаад бичиж байна гэвэл Банкийг учир зүггүй харааж зүхээд ирвэл итгэлийн индекс нь буурч хямрал улам гүнзгийрнэ. Энэ бол жам ёс. Тэгсэн цагт жирийн иргэдийн хараал зүхэл туйлдаа хүрнэ. Иймд банкны нэр хүндийг авч явах нь нэгж улстөрч болгоны нэгж тархиндаа бодож явах ажил. Ер нь хямралын үед Банкийг зодох шаардлага гарвал хаалттай хаалганы цаана зодоход ч гэмгүй юм. Даян дэлхийн бүх хүн банкир биш. Энэ дэндүү ойлгомжтой явдал. Тэр тусмаа даяар монголын иргэн бүр банкир бүр ч биш.
3. Одоо Банк руу дайрах нь байгалийн үзэгдэл шиг болж байна. Өглөө болгон нар манддаг шиг. Өглөө болгон долларын ханш өслөө гэж шуугих. Чимээ цуурхал бүр хяналтаас алдарлаа. Монгобанкийг харааж зүхээд л амьсгаа авна. Энэ муу жишиг. Ер нь Банкны сайн муу байх нь ард түмний сэтгэл санаатай шууд пропорциональ эд юм. Жишээ нь Тэмүүжинг унагах гээд Банкаа хөмрөөд хаячихаж болохгүй шүү дээ.
Бусадтай харьцуулахад бид ядуу оронд амьдарч байна. Уншигч Та эрхбиш санал нийлнэ биз ээ?! Энэ ядуу орны нэр Монгол. Хэрвээ уншигч Та санал нэг байгаа бол ядуурал гэдэг хорт хавдартай тэмцэх ёстой биз? Тэгэхдээ хорт хавдрыг авах мэс ажилбараа наркозтой (нойрсуулах тариатай гэхээр нэг жол санагдаад Х.Б) хийе. Дэс дараатай. Хэрэгтэй цагт нь урагшаа түлхье. Хэрэггүй үед хойшоо татъя. 24 жилийн өмнө Засгийн газрын тэргүүн шадар сайд Да.Ганболд: “Зах зээлийн үед хүмүүсийг усанд шидчихээр хэн чадалтай нь сэлж гараад, чадалгүй нь живдэг” гэх ухааны юм хэлж байж билээ. Үүнийг 25 жилийн хойно Ч.Улаан хэлээд л сууж байх. Яасан үйлтэй ард түмэн бэ? Живж байгаа нь ч мэдэгддэггүй, сэлж байгаа нь ч бас мэдэгддэггүй.
4. “Bank of China” ороод ирэх нь гээд эх орончдыг сүйд майд болгож байна. Энэ банк дэлхийд чансаагаараа эхний тавд тууж явдаг банк юм гэнэ лээ. Жилийн ашиг нь 120 гаруй тэрбум юань. Юанийг 285 төгрөгөөр үржүүлчихвэл арай л 64 оронтой тоо гарахгүй байх. Их наяд лав биш. Супер наяд гэх юм уу даа. Манай улсын банкны хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө нэмээд нэмээд бас дахин нэмээд 30-аад их наяд төгрөг болдог гэнэ лээ. Гэтэл дээрх чимээ цуурхалыг чагнаад байх нь ээ, моншин Монголбанк руу л дайрах болтой юм. Яг нарийндаа үүнийг Золжаргал, Энхбаярын хүү хоёр мэдэх биш. Ёстой өнөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газар нь мэдэж ажлаа хийх ёстой бус уу? Ёстой өнөө болъё гэж болсон Ариунсан гуайн ажил гэхэд хэлсдэхгүй дээ. Дандаа л Авилгатай тэмцэх газар ажилтай байх нь уйтай байна шүү дээ. Угтаа бол Монголд Хятад улсын бүү хэл Того улсын банк ч үйл ажиллагаа явуулах нь нээлттэй. Банкны болоод хөрөнгө оруулалтын тухай хуулиудад буй. Зарим нь зээлийн хүү буурна. Эдийн засагт тэлэлт болно гэхчилэн мэдэмхийрч байна. Гэтэл банк орж ирэхэд эхэлж Засгийн газраас зөвшөөрөл авдаг. Гэтэл Засгийн газраас ч зөвшөөрөл хүсээгүй байна, тэр банк нь. Ер нь бол Монголд IngBank, Bank of China, Bank оf Tokyo Mitsubishi, Standard Chartered Bank, Sumitomo Mitsubishi bank гэсэн үү, ийм таван аварга банкны төлөөлөгчийн газар байдаг юм байна. Тэд бол Монголын эдийн засагт шүүлтүүр хийгээд сууж байдаг нөхдүүд биш юм уу. Хувийн хэвшлийнхэнтэй холбогдох маягтай. Толгой компаниудаа мэдээллээр хангах янзтай. Ашгийн төлөөх үйл ажиллагаа цаашдаа явуулбал Чингисийн хүүхдүүд яах бол оо гэсэн шүү юм бодоод л. Тэд ирээч үү, үгүй ч үү. Ирлээ гээд ороо ч уу, үгүй ч үү. Бидэнтэй өрсөлдөө ч үү, үгүй ч үү. Дэлхийн топ 50-д багтдаг аваргууд шүү дээ. Эхлээд Засгийн газраас зөвшөөрөл хүснэ. Тэр хүсэлт ч дуулдаагүй байна. Ядаж дэс дараатай шуугицгаая л даа.
Дайны хажуугаар дажин гэгчээр Ариунсан байхад ард бид энд хутгалдаад яах нь билээ. Эдийн засаг, хямралаа бодоод бизнесийн идэвхжилээ сайжруулаад сууж байх нь сайхан шүү дээ. Топ 50-ын амьдралтай өмнөө байгаа зовлон бэрхшээлээ хольж хутгаад эдийн засгаа эрчижүүлэхээ умартвал хожгор шар тос хараад хольсон тосоо мартав гэдэг л болох байх даа.
Уул уурхай яалаа?! Эцэст нь бид тос идэхээс тоосго идэхгүй нь л ойлгомжтой.