Ам.долларын ханшийн өсөлт иргэдийг багагүй бухимдуулж буй. Валютын ханшийн энэ орчин нь импортлогдож буй инфляциар дамжин иргэдэд болон импортын орц өндөртэй бизнест хүндээр тусч, богино хугацааны зарим хүндрэлүүдийг бий болгож байна. Мэдээж бид хүсээд, зориод ийм ханштай болчихоогүй. Манай улсад орж ирэх гадаад валютын эх үүсвэрийн хомсдол бий болж үүний цаана гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар, экспортын орлого 800 сая ам.доллараар тус тус багасчээ. Үнэхээр 4 тэрбум ам.доллар эдийн засгаас дутагдсан учраас л ханш өдгөө ийм түвшинд ирсэн. Гэвч аливаа зүйл хоёр талтай.
Дотоодын үйлдвэрлэгчид ханшийн ийм орчин нь үйлдвэрлэлээ өргөтгөж, экспортыг нэмэгдүүлэх таатай нөхцлийг бий болгож байна. Гэхдээ дан ганц ханшийн орчин бизнест тэр чигээр нь таатай орчин бүрдүүлэх нь юу л бол хамгийн гол нь улсаас авдаг татвар татаас дээр нь тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байна. Цаашлаад зөвшөөрөл, лиценз, хяналт шалгалт гээд бизнест буй бүхий л төрийн дарамтыг багасгах нь төлбөрийн тэнцлийн энэхүү хямралыг хохирол багатай давах дотоод хүчин зүйлүүд болох юм. Иймдээ ч улс орны эдийн засагт тулгамдаад байгаа асуудлыг шийдэхээр Засгийн газраас өргөн бариад байгаа эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийгдэх 23 арга хэмжээний тухай УИХ-ын чуулганаар 2 өдөр хэлэлцэж байгаа билээ.Уг төсөлд, үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуй нэгжийн тогтвортой үйл ажиллагааг санхүүгийн, бодлогын болон зохицуулалтын арга хэрэгслүүдээр дэмжих хүрээний ажлууд тусгагджээ.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүдээ ханшийн эрсдэлээс хамгаалах үүсмэл хэрэгслүүдийг өргөнөөр хэргэлдэг болох арга хэмжээг бүх чиглэлд идэвхжүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, валютын захад цочрол бий болсон үед түүний нөлөөллийг саармагжуулах арга хэмжээг цаг тухайд нь авч байх, санхүү, эдийн засгийн болзошгүй хямралын эрсдэлээс сэргийлэх зорилгоор гадаад валютын урсгалыг сайжруулах заалтууд мөн тусгагдаад буй.
Энэ мэтчилэн дотоодын үйлдвэрлэгчид, аж ахуй нэгжээ бодлогоор дэмжсэн эдийн засгаа эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд эхэлвэл гадаад зах зээлийн шокоос үүдэлтэй хямралыг дотооддоо хохирол багатай давах цаашлаад гадаад валютын урсгал сайжирсан тохиолдолд гадаад худалдааны ашигтай гарах боломж нээлттэй байна.
Түүнчлэн ам.долларын ханшийн зөрүүнээс алдагдал хүлээсэн өнөөгийн нөхцөл байдлаасаа сургамж авч валютын ханшийн эрсдэлийг хамгаалах үүсмэл хэрэгслүүдийн хэрэглээг бүх чиглэлд идэвхижүүлэх, сурталчлах, аж ахуйн нэгжүүд, иргэдийнхээ энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг тэлэх, өдөр тутамдаа үйл ажиллагаандаа ашиглаж хэвшихэд нь санхүүгийн байгууллагууд дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Цаашид ч бид богино хугацаанд эдийн засгаа төрөлжүүлж эс чадвал дан ганц уул уурхайгаас хараат биднийг ханшийн огцом савалгаа ороолгосоор л байх болно. Тэр тоолонд ёолон хашхирч ам.долларын өмнө хүчин мөхөсдсөөр байхгүйн төлөө өнөөдрөөс энэ бүх зохицуулалтыг эхлэх хэрэгтэй.