“Malaysia Airlines”-ийн ажилчдыг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.26-нд нийтлэгдсэн

“Malaysia Airlines”-ийн ажилчдыг барьцаалжээ

Малайзын агаарын тээврийн /Malaysia Airlines/ компанийн 10 ажилчинг МН370 дугаар нислэгийн хятад зорчигчдын ар гэрийнхэн барьцаанд авсан хэрэг өчигдөр /IV.25/ гарчээ. Хятад зорчигчдын ар гэрийнхэн сураггүй болоод удаж буй Малайзын агаарын тээврийн Боинг 777-200 онгоцтой холбоотой мэдээллийг албаныхнаас шаардаж, компанийн ажилчдыг барьцаалсан байна. Малайзын агаарын тээврийн компанийн ажилчдыг Хятадын нийслэл Бээжин хотын “Lido” зочид буудалд 11 цагийн турш хорьсны эцэст суллажээ. “NBC News” агентлагт мэдээлснээр зорчигчдын ар гэрийнхэн Бээжин хотноо орших Малайзын Элчин сайдын яаманд Засгийн газрын албаныхантай уулзалт хийсний дараа нисэх компанийн ажилчдыг сулласан гэнэ. Энэ хэрэгт зорчигчдын ар гэрийнхэн нийлсэн 200 гаруй хүн оролцжээ.

Куала Лумпураас Бээжин хүрэхээр өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд хөөрсөн Малайзын агаарын тээврийн МН370 дугаар нислэгт 239 хүн явсны ихэнх нь Хятадын иргэн байсан юм. Түүнчлэн олон улсын эрлийн баг сар гарангийн хугацаанд МН370 дугаар нислэг осолдсон гэх Энэтхэгийн далайд хайгуул хийсэн боловч юу ч олоогүй аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж