Х.Тэмүүжинг огцруулах гол шалтгаан нь юу вэ?

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжинг огцруулах гол шалтгаан нь юу вэ?

“Монголд тэрс үзэлтнүүд байсан уу?”… Философич, нийтлэлч Б.Батчулууны энэ нийтлэлийг уншаад өөрийн эрхгүй
нэгийг санахад хүрэв. Нийтлэлч маань “Коммунистуудын үр сад, сүнс, хойд
дүр болсноороо бахархдаг хүмүүс Монголд л байна. Германд хүмүүс фашист,
нацист байснаасаа ичдэг. Польш, Чехэд экс-коммунистууд нь үргэлж нүүр
улайж, коммунист намын гишүүн байсныг минь хүмүүс мэдчих вий хэмээн
хулмалзаж амьдардаг. Гэтэл Монголд коммунист байснаасаа ичдэг хүн нэг ч
байхгүй. Коммунизм бол фашизмаас дутахааргүй харгис нийгэм, коммунистууд
бол фашистууд, зарим тохиолдолд фашистуудаас дор хүмүүс гэдгийг
мэддэггүй. Хүн төрөлхтний түүхэн дэх лай ланчиг болсон коммунизмаар
бахархдаг хачирхалтай үзэгдэл Монголд л байна. Монгол бол
экс-коммунистуудын хувьд диваажин” хэмээн бичсэнийг үзээд харамсахад
хүрэв. Харамсахын учир нь эдгээр үгс үнэнд хэтэрхий ойр байсанд байгаа
юм.

Гэхдээ дандаа ч ийм байгаагүй ээ. Социализмаас дөнгөж
ангижирч байх үед монголчууд Оросын Коминтерний Монголд явуулсан
хядлагын ул мөрийг түүхийн шарласан хуудаснаас хайж, Сталиныг “цуст
алуурчин” хэмээн нэрлээд хөшөө рүү нь шөнөөр очиж будаг цацдаг байсан
юм.

Магадгүй өнгөрсөн хорь гаруй жилийн дотор монголчуудын нэг
хэсгийнх нь зүрхний шарх аньж, нөгөө хэсгийнх нь хувьд өөр нэгэн шарх
бий болсон байхыг үгүйсгэхгүй. Ардчилал шинэчлэлийн замаар замнасан хорь
гаруй жилийн хугацаанд бидний зан харьцаа, мораль, үзэл бодол хийгээд
юмс үзэгдэлд хандах хандлага амьдарч байгаа цаг үе, өөрт тулгарсан
бэрхшээл зэргээс шалтгаалан хувьсаж өөрчлөгдсөн байх. Яваандаа тэгээд
өөрсдийн төсөөлж байсан нийгэм рүүгээ зоригтой алхах сэтгэлийн тэнхээ
дутаж, бодол санаа мухардан анхны тавьсан зорилгоосоо ухрахын хэрээр бид
хуучин нийгэмтэй нь хамт үзэн ядаж үлдээсэн өөрсдийн зарим сул тал руу
эргэж буцаж байгаа ч юм билүү…

Угаас аливаа өөрчлөлт шинэчлэлт
нь тодорхой цаг хугацаа, сорилт шалгуурыг даван туулж байж үр дүнд
хүрдэг. Улс ундэстний хувьд ч, байгууллага, хамт олны хувьд ч ялгаагүй.
Үүнийг онолын түвшинд, олон улсын хэллэгээр “Өөрчлөлтийн динамик” хэмээн
нэрлэдэг аж /махчилж ойлговол аливаа өөрчлөлт, хөгжил хөдөлгөөний эрчим
гэх юм уу даа/. Өнөөг хүртэл дэлхий ертөнц, улс үндэстнүүд маш олон
сорилт шалгуурыг туулж ирсэн. Үүнийг урт удаан хугацааны турш шинжиж
судалсан хүмүүсийн хийсэн дүгнэлт, Жон Фишер гэж хүний гаргасан загвар л
даа. Илүү ойлгомжтой болгохын тулд яг одоо нийгэмд ил тод харагдаж
байгаа үзэгдэл, нэг салбараар жишээ авч болно. Мэдээж энэ зүй тогтол
цаашлаад өөр бусад салбарууд дээр ч илрэх боломжтой.

Өөрчлөлтийн пирамид

Өөрчлөлт
шинэчлэлтийн процессийг геометрийн дүрсээр үзүүлбэл пирамид хэлбэртэй
бөгөөд пирамидын суурь нь “зорилго” буюу зорилтоо тодорхойлох үйл явц.
Дараа нь зорилгодоо тохирсон чиг үүрэг, зохион байгуулалтыг бий болгох
гэх мэтчилэн дээшээгээ пирамидын бүтэц бий болно. 1990 оны ардчилсан
өөрчлөлтийн үед монголчууд нийтээрээ “хувийн өмчид тулгуурласан, хүний
эрхийг дээлэлсэн, хүмүүнлэг ардчилсан нийгэмд шилжих” хэмээн зорилгоо
тодорхойлж байв. Яг үүн шиг цагдаагийн байгууллага өнөөдөр өөрсдийгөө
“Цагдаа бол хүч хэрэглэдэг, цэрэгжсэн байгууллага биш. Иргэндээ
үйлчилдэг, хуулинд захирагдаж ажилладаг, хууль сахиулах байгууллага
болно” гээд зорилгоо тодорхойлчихсон. Тэр дагуу хууль тогтоомжууд нь
гараад цагдаагийн байгууллагын чиг үүргийг бас тодорхой болгоод явж
байгаа. Сануулахад, УИХ өнгөрсөн онд Цагдаагийн албаны тухай хуулийг
баталж, энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Он гарсаар уг хуулийг
хэрэгжүүлэхээр цагдаагийн байгууллагад бүтцийн өөрчлөлт ч хийгдээд
байгаа.

Энэ хүртэл бүх процесс хүмүүсийн нүдний өмнө ил явсан
учраас харьцангуй хялбар байв. УИХ дээр хэлэлцэгдэж буй хуулийн төсөл,
энэ талаарх судлаачид, хөндлөнгийн ажиглагчдын байр суурь гээд бүгд ил
тод явсан. Тухайн үед уг хуулийг баталж болохгүй гэдэг байр суурийг УИХ
дотроос ч, салбарынхан дотроос ч хэн нэг нь илэрхийлээгүй. Бүгд нэгэн
дуугаар дэмжээд явсан ажил. Яагаад гэвэл энэ бол процесс буюу үйл
ажиллагаа. Тиймээс үүнийг эсэргүүцэх шаардлага байсангүй.

Үүний
дараа цагдаа дээр зохион байгуулалтын өөрчлөлт хийгээд, бодит эрх мэдэл
буюу хүмүүсийн сандал ширээ, албан тушаалтай байх байхгүй дээр тулаад
ирмэгц харин зөрчил үүсч эхэлж байна. Энэ талаар хожим өгүүлнэ.

Зохион
байгуулалт буюу бүтцийн өөрчлөлт дууссаны дараа шинэ харилцаа, шинэ
соёл үүсэх ёстой. Энэ бол пирамидын орой хэсэг. Шинээр хийгдсэн бүтцэд
орж ажиллаж байгаа хүмүүс пирамидын суурь буюу зорилт, өөрсдийн өмнө
хүлээсэн чиг үүрэгтээ захирагдаж, тэр шаардлагад нийцэж ажиллахыг
“харилцаа” гэж тодорхойлж байгаа юм. Зарим нэг нь алдагдсан албан
тушаал, цол хэргэмээсээ болж бухимдах, тэр бухимдлаа хамгийн ойр байгаа
хамт олон, эсвэл тэдэнтэй өдөр тутам нүүр тулж байгаа иргэдэд гаргах ч
юм уу. Эсвэл зүгээр шинээр үүссэн нөхцөлд байдалд тохируулан өөрийгөө
өөрчилж эхэлдэг. Ингэж чадвал хэсэг хугацааны дараа тухайн салбарт ч,
нийгэмд шинэ соёл бий болдог. Цагдаа бол тушаалаар явдаг цэрэгжсэн
байгууллага биш. Иргэдээ тагнаж чагнадаг, айлгаж сүрдүүлдэг хүчний
байгууллага ч биш юм. Харин нийгэмд хэв журам сахиулах, ард иргэдийн
аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй хууль сахиулах
байгууллага, иргэндээ үйлчилдэг иргэншсэн байгууллага юм гэдэг шинэ шинэ
соёл, хандлага бий болдог. Үүнийг бүхэлд нь өөрчлөлтийн пирамид гэж
байгаа юм.

Зөрчил юунд байв?

Түрүүнд
хойш тавьж орхисон зөрчил яагаад бий болсон бэ гэдгийг тайлбарлахын
тулд дахиад нэг өөр диаграммыг харж болно. Өөрчлөлт хийгдэж эхэлсэн
эхний нэг жилийн хувьд хуулийн байгууллагад хийгдэж байгаа шинэчлэл маш
их эрчтэй явсан. УИХ-аар салбарын хууль тогтоомжууд хэлэлцэгдэж, хуулийн
байгууллагууд хараат бусаар ажиллахаа илэрхийлж, хууль сахиулагчид илүү
“иргэншсэн” байдлаар үйл ажиллагаа явуулна гэхэд олон нийтийн зүгээс ч
маш их дэмжлэг хүлээсэн. УИХ-аар энэ салбарын үйл ажиллагааг зохицуулах
долоон хууль нэг жилийн дотор батлагдсан. Одоо дахиад 4-5 хууль /Хууль
сахиулагчдын эрх зүйн байдал, Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хууль,
Гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Мөрдөх албаны тухай хууль
гэх мэтчилэн/ Энэ үе түрүүний хэлсэн пирамидын доод талын хоёр үетэй
давхацдаг юм. Энэ хугацаанд шинэчлэлт байнга өгсөх эрчимтэй явсан байгаа
биз.

Ингээд цагдаагийн байгууллага тавьсан зорилгынхоо дагуу
чиг үүргээ тодорхойлчихлоо. Одоо бүтэц, зохион байгуулалт руу орлоо.
Эндээс уг салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд түгшүүр төрж эхэлнэ ээ.
Би ажилтайгаа үлдэх үү, яах бол, албан тушаалтайгаа үлдэх үү, үгүй юу
гэх мэтчилэн. Гэхдээ энэ түгшүүр доор ажиллаж байгаа нийт бие
бүрэлдэхүүн, жирийн цагдаагийн эрх ашгийг нэг их хөндөхгүй. Яагаад гэвэл
ямар ч тохиолдолд тэдний ажлын байр угаасаа л байж л байна. Харин дунд
тушаалын офицерүүд болон дээд тушаалын дарга нарын хувьд гол түгшүүр
ирдэг. Дунд тушаалынхан бол манай дарга хэн болох бол, намайг яах бол.
Харин дээд тушаалын дарга нар “Нэгэнт ийм эрчимтэй өөрчлөлт хийгдэж
байгаа юм чинь намайг лав өөрчилнө дөө” гэх айдас, түгшүүр бий болдог.
Одоо авч байгаа жишээ маань л цагдаа дээр ярьж байгаа болохоос биш, аль ч
салбарт ийм. Сайд солигдлоо, шинэ Засгийн газар гарч ирлээ гэхэд багш,
эмч нар ажлаа хийж л байна. Харин яам тамга, эмнэлгийн дарга нар,
сургуулийн захирлууд л хамгийн их ширвэгддэг биз дээ. Тэр өөрчлөлт нь
зорилготой, зорилгогүй байх нь хамаагүй.

Ингээд айдаст автсан
хэсэг ууртай болно. Ууртай байгаа учраас буруутныг хайж эхэлдэг. Тун
бага хэсэг нь л ”Миний ажлын арга барил, эсвэл байр суурь, хүсэл
эрмэлзэл маань одоо хийгдэж байгаа өөрчлөлттэй зөрчилдөөд байна, би энэ
ажилд садаа болж байна” гэж боддог байх. Ихэнх нь бусдаас бурууг хайдаг.
Хамгийн түрүүнд “Хэн намайг ийм байдалд оруулав” гэж өөрөөсөө асуудаг.
Нэгэнт буруутныг олсон бол эсэргүүцэл үзүүлнэ. Өөрөөр үүнийг “амиа
хамгаалах рефлекс” ч гэж хэлж болно. Яг одоо цагдаа дээр ийм л поцесс
болж байна. Цагдаад хамгийн их нөлөөтэй, эрх мэдэлтэй байсан Эрүүгийн
цагдаа, Мөрдөн байцаах хоёрыг нэгтгэж нэг газар /Зохион байгуулалттай
гэмт хэрэгтэй тэмцэх газар/ болгосны дараа маш олон дарга албан тушаал,
эрх мэдлээсээ салсан. Хоёр байсан байгууллагыг нэгтгэчихэд ядаж нэг орон
тоо нь илүүднэ биз дээ. Үүнийг дагаад цол зэрэг буурсан, эрх мэдлээ
алдсан нөхдүүд эргээд нөгөө шинэчлэл явуулж байгаа хүмүүстэй дайсагнаж,
хонзогнож эхэлдэг. Тэд нийт бие бүрэлдэхүүн дотор маш бага хувийг
эзэлдэг. Гэхдээ эрх мэдэлтэй, нөлөөтэй.

Ингэхдээ
мэдээж энэ салбарт хийгдэж байгаа өөрчлөлт, цагдаагийн нийт бие
бүрэлдэхүүнд ямар хүндрэл бэрхшээл үүсч байгаа, жирийн цагдаагийн мөрөн
дээр яваа ажлын ачаалал зэргийн талаар хэн нь ч хөндөж яриагүй. Зүгээр
өөрчлөлтийг хэн эхлүүлсэн, хэн удирдаж байна, тэр хүнийг овоо хараандаа
аваад өө сэв хайж эхэлсэн. Х.Тэмүүжин сайд өөрөө үүнийг “гүйцэтгэх ажил
явуулсан” гэж дүгнэж байгаа боловч одоогоор түүнийг нь нотолсон хүн
байхгүй. Ямартай ч түүнийг улс төрийн тогоонд орж ирсэнээс хойших хоёр
парламентын хугацаанд огт сонсогдож, үзэгдээгүй адал явдал, мэдээллүүд
хэвлэлээр цацагдаж эхлэв. Тэнд дурьдагдсан зүйлсээс үзвэл энэ мэдээллийг
цагдаагийн байгууллага дотроосоо тараасан байх магадлалтай. Хар тамхи
нууцаар худалдаалдаг байж болзошгүй бүлгийг илрүүлтэл тэдний нэг
холбогдогч Х.Тэмүүжин сайдтай хувийн харилцаатай байж магадгүй, олон
удаа гар утас руу нь мессеж илгээсэн байна ч гэх ч юм уу. Ийм мэдээллийг
сэтгүлч сайн дураараа зохиож бичих боломжгүй л дээ. Ямартай ч
Х.Тэмүүжин гэдэг хүн урьд өмнө амьдралдаа огт хийж үзээгүй олон гэмт
хэргийг Хууль зүйн сайд болсныхоо дараа “хийж” эхлэв. Тэр дундаа сүүлийн
нэг сарын дотор. Энэ нь цагдаагийн байгууллагаас явуулсан “гүйцэтгэх
ажлын” явцад ил болж, О.Баасанхүү мэтийн зарим нөхдөд сайдын сандал
ширээ зүүдлэгдчихсэн огцруулах бичиг бариад гүйж явна гэсэн. Ороо нь
ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг болж байгаа нь тэр.

Маш
олон цагдаагийн хурандаагаас “Яагаад энэ шинэчлэлийг эсэргүүцээд байгаа
юм бэ?” гэж асуухад “Би үүний төлөө 10 жил, 20 жил зүтгэсэн. Цагдаа чинь
цолны төлөө л явдаг юм” гэж хариулдаг. Хэрвээ тэр үнэхээр хүн цолны
төлөө л ажиллаж байгаа бол одоогийн яриад байгаа “иргэншсэн” цагдаад,
иргэн танд түүний хэрэг юу байна аа. Танд таны аюулгүй байдал л чухал
биз дээ. /Муур хар, цагаан байх нь хамаагүй хулгана барьдаг байх нь
чухал гэдэг шиг цагдаагийн мөрдэс дээр хэдэн зураас байх нь иргэнд ямар
хамаа байна/ Түүнээс биш Б.Билэгт, Х.Тэмүүжин хоёрын хэн нь “атаман”
байх, танил тал олонтой байх нь огтоос хамаагүй асуудал. Тэгж ярих юм
бол хоёулаа энэ байгууллага дотор “шинэ”. 

“Шинэчлэл бол шинэ хэвийн байдал”

Энэ
эсэргүүцэл буюу дайсагналыг “зүй ёсны” гэх нь хаашаа юм, аливаа
өөрчлөлтийн явцад тохиолддог л зүйл тогтол гэдгийг дээр хэлсэн. Гэхдээ
энэ дайсагнал, хонзогнол энэ хэвээр үргэлжилж, нийгэм тэр аяараа, эсвэл
байгууллага, хамт олны олонхи үүнийг дэмжиж хүлээж авбал нэгэнт
эхлүүлсэн өөрчлөлт нурж унахад хүрнэ. Харин нийгмийн гишүүдийн, эсвэл
байгууллагын олонхи энэ үүнийг өөгшүүлэхгүй, өөрчлөлт шинэчлэлтийн талд
зогсвол цөөнх болсон эсэргүүцэгчид одоо явагдаж буй шинэчлэлтийн
процессийг хүлээн зөвшөөрөх, өөрсдөө үүнд дасан зохицоход хүрдэг. Үүнд
мэдээж багагүй хугацаа шаардагдах байх л даа. Эхний суурийг тавихад
бидэнд нэг жил гаруйн хугацаа шаардагдсан гурав дахь, дөрөв дэх шатыг
туулахад түүнээс илүү зам туулж болно. Гол нь өөрчлөлтийн зорилгоосоо
ухрахгүй байх явдал. Үр дүнд нь тухайн байгууллага, нийгмийн гишүүд
бүгдээрээ энэ өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнг үзэж, хийж байгаа ажил,
амьдарч байгаа орчноосо урам аван ирээдүй рүү тэмүүлдэг. Үүнийг л
өөрчлөлтийн динамик гээд байгаа юм.

Нийтлэлийн эхэнд ишилсэн
“коммунизмыг шүтэх, үгүйлэн санах” явдал ч гэсэн бас л энэ динамикийн
нэг илрэл. Өнгөрсөн бүхэн сайхан, өмнө байгаа бүхэн хүнд хэцүү байдаг
гэж үгтэй шүү дээ. Хувь хүн эрх чөлөөтэй байх тусмаа санаа зовох асуудал
олон гардаг. Харин эрх чөлөөгөө хэн нэгэнд худалдчихвал түүнийхээ
хариуд идэх хоол, орох оронтой амьдраад байж болно. Тиймээс энэ
өөрчлөлтийг бүхэл бүтэн нийгмээрээ даван туулна гэдэг хэцүү. Тэр тусмаа
шилжиж орж буй нийгэм маань ийм их асуудал бэрхшээлтэй байх тусам.
Хэрвээ олонхи нь үнийг даван туулах хүсэл эрмэлзлэлтэй байвал нийгэм
урагшилна. Үгүй бол буцаад социализм, коммунизмдаа шилжиж болно. Ядахдаа
л хаантай болоод өөрсдөө хамжлага маягаар амьдарч болно шүү дээ.
Нийгмийн ухааны салбарын нэлээн том эрдэмтэн зурагтаар “Монголд ийм олон
парламентын гишүүн хэрэггүй. Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь, олон
тэнэгээс цөөн цэцэн дээр” гэж ярьж байна лээ. Энэ нь бид өөрсдөө
өөрсдийнхөө өмнөөс хариуцлага хүлээж, шийдвэр гаргаж сураагүйтэй л
холбоотой. Хэрвээ энэ парламентад 76 худалч байна гэж үзвэл энэ нь
бидний өөрсдийн л гаргасан шийдвэр, хийсэн сонголт. Сонголт олон байх
тусам хувь хүнээс илүү хариуцлагатай байхыг шаарддагийн нэг жишээ.
Түүнээс биш хоёр дахь Чингисээ төрөхийг, хэн нэг суут ухаантан, агуу
удирдагч гарч ирээд бүгдийг өөрчилнө гэж хүлээвэл энэ маягаар бид дахиад
20 биш, 200 жил ч байрандаа эргэж магадгүй.

Б.АМГАЛАН

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж