Волейболын хаврын нээлттэй тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Волейболын хаврын нээлттэй тэмцээн эхэллээ

Монголын Волейболын холбооны нэрэмжит "Хаврын нээлттэй тэмцээн"-ий нээлт өнөөдөр (04.25) Спортын төв ордонд боллоо. Нэг сарын турш үргэлжлэх "Хаврын нээлттэй тэмцээн"-нд эрэгтэй зургаа ("Алтайн барс" "Сима", "Буянт-Ухаа", "Хасу мегастарс", "Эрчим" болон ОБЕГ-ын "Аврагч"), эмэгтэй таван баг ("Энагурэ", "Монти", "Сүхбаатар аймаг Цайрт", "Алтайн барс", "Эрчим") оролцож байна. Тэмцээн хоёр тойрог үргэлжилж, шилдэг дөрвөн баг шалгарснаар цааш медалийн төлөө өрсөлдөх юм. Тэмцээн Спортын төв ордноо даваа, лхагва, баасан гаригийн 14.00-20.00 цагуудад болох бөгөөд нэгдүгээр тойргийн тоглолт ирэх лхагва гаригт(04,30) өндөрлөнө. Маргааш 11.00 цагаас клубүүдийн баг тамирчид болон волейболын спортыг сонирхогчид Зайсангийн хөшөөнөөс Их тэнгэрийн ам хүртэл 2 км зайд явган аялалыг хийх аж. "Хаврын нээлттэй тэмцээн"-ий ерөнхий ивээн тэтгэгчээр "Витафит" компани ажиллаж байна. 

Ингээд тэмцээний үеэр Монгол Үндэсний олимпийн хорооны "Алтан Очир" одонт, Монгол Улсын Гавьяат багш Ц.Шоовдортой цөөн хором ярилцлаа.

-Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн анх хэдэн онд зохиогдож эхэлсэн бэ?

-1994 онд Монголын волейболчдын эрэгтэй, эмэгтэй баг Японы Хирошимад болсон Азийн XII тоглолтод оролцож эхэлсэн. Харин дараа жилээс нь буюу 1995 оноос клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож эхэлсэн түүхтэй. Тэр үед клубүүдийн багууд системтэй хичээллэж эхэлсэн бөгөөд үндэсний дээд лигийн тэмцээн ч тэр жил эхэлж байсан. Клубүүдийн нээлттэй тэмцээн урьд нь жилд нэг удаа явагдаж байсан бол өнгөрсөн жилээс эхлэн хавар, намрын нээлттэй тэмцээн гэж хоёр удаа явагдаж байна. Мөн эндээс шалгарсан шилдэг багууд улсаа төлөөлж олон улсын тэмцээнд оролцож байна. Өнгөрсөн жилийн хаврын алт, намрын мөнгөн медальт "Алтайн барс" баг энэ жил Филиппиний Манила хотноо болсон тэмцээнд оролцлоо. Мөн БНСУ-ын дасгалжуулагч багшаар удирдуулсан "Энагурэ" баг сүүлийн жилүүдэд дотоодын тэмцээнд өндөр амжилт үзүүлээд зогсохгүй олон улсын тэмцээнд чамгүй амжилтыг үзүүлээд байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Тувад болсон олон хотуудын тэмцээнээс "Эрчим" клубийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ.
 
-"Эрчим" клубийн зорилго нь юу вэ? Мөн маргааш клубүүдийн тамирчид явган алхалт хийнэ гэсэн.

-Тухайн үедээ улсын шигшээ багт тоглож байсан өндөр зэрэгтэй ахмад тамирчдын зүгээс санаачлаад "Эрчим" гэсэн биеэ даасан клубийг байгуулж байна. Энэхүү байгууллага нь волейболын спортын түүхэн замналыг залуу үедээ сурталчлах, ахмадын волейболын холбоог бэхжүүлэх, мөн цаашлаад үйлдвэр, аж ахуйн болон байгуулага, оюутан залуусын багуудыг төлөвшихөд нь туслах зэрэг үүрэгтэй. Ахмад тамирчдын зүгээс энэхүү спортоор дамжуулаад хүний хөгжлийн төлөвшлийг илүү их анхаарч байна гэсэн үг. Маргааш болох явган аялал Зайсангийн хөшөөнөөс Их тэнгэрийн ам хүртэлх 2 км гаран замд болох юм. Төрийн бус байгууллагын хувьд хийж буй бидний эхний ажил маань энэ юм. Бас волейболын спортыг сонирхогч та бүхэнд ч гэсэн энэхүү явган алхалт нээлттэй бөгөөд нэг сарын турш үргэлжлэх "Хаврын нээлттэй тэмцээн"-ийг Спортын төв ордноо ирж сонирхоорой гэж хэлмээр байна.

Ч.БОЛОР







Гэрэл зургийг Т.МӨНЖАРГАЛ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж