“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болов

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болов

Манай улсын гадаад худалдааны жилийн алдагдал өмнөх онуудад 1 тэрбум орчим ам.доллар, улирлынх 400  сая ам.доллар байсан бол энэ оны эхний улиралд 9,1 сая ам.доллар болон буурч эдийн засагт нааштай хандлага гарч эхэллээ гэж ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг яам агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг цахим хурлын эхэнд мэдээллээ.

11 аймагт оношлогооны төв байгуулж нээлтээ хийснийг,  нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг, БНСУ-ын “АСАН” Анагаах Ухааны Төвийн эрхтэн шилжүүлэн суулгах  төвтэй хамтран элэг шилжүүлэн суулгах төсөл хэрэгжүүлж байгааг, “Үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал”-ыг анх удаа амжилттай хийсэн  зэргийг эрүүл мэндийн салбарт хийсэн сайн ажил болсон гэж дүгнэлээ.

Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар энэ сард гарын үсэг зурсан Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх  "Инженерийн дээд боловсрол олгох тухай 75 сая ам.долларын зээлийн төсөл, 7.5 сая ам.долларын Төслийн бус буцалтгүй тусламж, 700 мянган ам.долларын Соёлын буцалтгүй тусламжийн ноот бичгийн хүрээнд магистр, докторын сургалтаас гадна зэргийн бус сургалт, бэлтгэл сургалт, хосолсон сургалт гэсэн таван чиглэлээр нийт 1000 гаруй хүнийг Япон улсад сургах боломжтой болж байна. 2023 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх уг төслийн үр дүнд механик инженер, барилгын инженер, цахилгаан электроникийн инженерийн сургалтын хос хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж тухайн хичээлийн кредитийг Японы их, дээд сургуулиудтай харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөл боломж бүрдэж байгааг мөн сайн ажил болсон гэлээ.

Сангийн сайдын 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.6 /илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн/ заалтыг зөрчсөн 27 хуулийн этгээдийг 3 жилийн хугацаагаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийх худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаж, бүртгэлд хамруулан  нийтэд мэдээлсэн байна. Мөн нийслэлийн удирдлага эхний ээлжинд 7 компанийг Сангийн яамны тендерийн хар жагсаалтад бүртгүүлэх саналыг хүргүүлж, тухайн ажлыг хүлээн авсан үнэлгээний хорооны гишүүдийг олон нийтэд зарласныг хяналт, хариуцлага сайжирч байгаагийн  жишээ гэлээ.

Хоёрдугаар сарын цахим хурлаас худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сарын 5-ны дотор хийж гүйцэтгэхээр үүрэг өгсөн боловч ажлын явц удаашралтай байгааг анхаарууллаа.

Санхүүгийн жилийн гуравны нэг нь өнгөрч байхад 2014 оны Худалдан авах ажиллагааны газраар хэрэгжих 127 төсөл, арга хэмжээний 43 төслийн зураг, төсвийг яамдаас ирүүлээгүй байна. Төлөвлөсөн ажлуудыг цаг тухайд нь хийж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хөнгөн шуурхай байлгахыг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир яам, агентлагийн удирдлагуудад анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж