Гишүүд нүүрсний экспортыг яагаад гацаасан талаар тодруулж байсан бөгөөд Чалкотой холбоотой асуудлыг хөндөж байв. Сангийн сайд Ч.Улаан нэмж тайлбар өгөхдөө “Бид хуулийн хугацаанд Төсвийн тодотголыг боловсруулж өргөн барих болно. Төсвийг буруу тооцсонтой холбоотойгоор хариуцлага ярьсан зүйл алга. Бидний төсөөлснөөс өөр байдал үүссэн. Оны эцэст гарсан энэ нөхцлийг бид нарийн тооцох боломж байгаагүй” хэмээсэн байна.
Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Чалкотой хийсэн гэрээг цуцалсан зүйл байхгүй. Нарийн мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас тодруулах нь зүйтэй. 2013 оны эхний улиралд нүүрсний компаниуд нүүрсээ экспортлож чадаагүй. Үнэ нь унасан учраас. Харин гэрээнд өөрчлөлт оруулсан нь “Эрдэнэс Тавантолгой”-гоос шууд ачсан нүүрсийг нь хилээр гаргадаг, замд нь буулгаж ачдаг байсныг болиулсан. Ингэснээр тээврийн зардал нь кг тутамд 7-8 доллараар хэмнэгдсэн. Зүүн Цанхи Баруун Цанхийн нүүрсийг ялгаатай үнээр худалдсан нь Чалкотой байгуулсан гэрээтэй холбоотой” гэв.
Мөн “Ачилт хийлгүй зургаан сар болсонтой холбоотой алдагдал гарсан уу” гэх асуултанд “Надад өгсөн мэдээллээр 2013 оны эхний улиралд бүхий л нүүрсний компаниуд худалдах нь ашиггүй тул худалдаагүй. Худалдаагүй нь илүү бага алдагдалтай байсан учраас тэр” хэмээсэн юм.
Сөрөг хүчний гишүүдээс шүүмжлэл үргэлжилж Н.Энхболд “Төсөв тасалдсан шалтгааныг нүүрсээ гаргаагүйтэй холбоотой гэж манай намын бүлгийнхэн үзээд байгаа юм. Тухайн үед хямд байна гээд гаргаагүй юм бол одоо яагаад түүнээсээ бага үнээр гаргаад байгаа юм бэ. Уг нь зургаан сар нүүрсээ гаргаж л байсан бол төсвийн алдагдал арай бага байх байсан юм биш үү” гэхэд хариуд нь сайд Д.Ганхуяг “Зүүн цанхийн нүүрсийг алдагдалтай гаргахаас өөр арга байгаагүй. Зардал нь борлуулж байгаа үнээсээ давж байсан. Баруун цанхийн нүүрс дээр Монголын компани орсон. Баруун цанхи ашиглалтанд орсноор нийлбэр дүнгээр алдагдалгүй байх боломж нь бүрдсэн шүү дээ” гэсэн юм.
УИХ-ын чуулганы хуралдааны ирц хангалтгүй хэмжээнд хүрсэн тул УИХ-ын дарга З.Энхболд дараа дараагийн асуудлыг хойшлуулахаар болж “Үлдсэн гурван асуудлыг дараагийн долоо хоногийн дөрөв дэх өдөрт шилжүүлж байна” гэснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.