“Эдит Пиаф” гранпри хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

“Эдит Пиаф” гранпри хүртлээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан Косово улсад зохиогдсон Моно драмын Олон Улсын  театрын “Мон Акт-2014” фестивальд “Эдит Пиаф” жүжгээр оролцож, Гранпри шагналын эзэн болжээ. Косовогийн Пеяа хотод болсон “Мон Акт 2014” фестиваль нь  2014 оны дөрөвдүгээр сарын 15-22-ны өдрүүдэд үргэлжилж, Герман, Польш, Орос, Монгол, Украйн, Македон, Косово, Монтенегро,  Румын, Словак зэрэг 13 улсын 70 гаруй уран бүтээлч оролцжээ.
 
Тус фестиваль нь “Шилдгийн шилдэг уран бүтээл, Гранпри шагнал”, “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”,  “Шүүгчдийн нэрэмжит шагнал”–ын эздийг тодруулсан бөгөөд наадмын тэргүүн шагналыг жүжигчин Ц.Баясгалан хүртэж, Монголын драмын урлагийн ур чадварыг хилийн чанадад сурталчлаад ирлээ. Түүний тоглосон “Эдит Пиаф” жүжгийг 2013 онд Украины зохиолч Нина Мазурын зохиолоор найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулан тавьж, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Н.Батбилэг ажилласан юм. Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан жүжгийг бүтээхдээ жүжигчин Ц.Баясгалан түүний долоон дууг франц хэл дээр дуулжээ.

Уншигчиддаа сонирхуулахад жүжигчин Ц.Баясгалангийн “Моно жүжгийн өдрүүд” уран бүтээлийн тайлан тоглолт ирэх тавдугаар сарын 2-3-нд Драмын театрын тайзнаа болох юм.

Тавдугаар сарын 2-нд

20.00 цагаас “Би Эдит Пиаф байна” моно жүжиг            
21:00 цагаас “Бенефис” уран бүтээлийн тайлан тоглолт

Тавдугаар сарын 3-нд

19.00 цагаас “Тэнгэрийн аялгуу” моно жүжиг            
20.00 цагаас “Бенефис” уран бүтээлийн тайлан тоглолт болно.

Э.ТЭКҮ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж