Дэлхий дахин морин хуур хөгжмөөр дамжуулан Монголын соёл урлагийг сурталчлах зорилготой зохион байгуулдаг “Морин хуурын олон улсын” наадам дөрөв дэх удаагаа болох гэж байна. Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус олон улсын наадам нь энэ сарын буюу дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн ирэх тавдугаар сарын 1-нд болох юм. Морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, дэлхий дахинд морин хуур хөгжмийг таниулан сурталчилдаг тус олон улсын наадмыг анх 2008 онд зохион байгуулж байсан юм. Түүнээс хойш 2010 онд “Морин хуурын олон улсын наадам”-ын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын, Морин хуур зэмсэг урлаагчдын уралдааныг зохион байгуулсан бол 2012 онд эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан. Харин энэ онд “Морин хуурын олон улсын наадам”-ын хүрээнд морин хуур сонирхогч, урлаачдын уралдаан, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэнэ.
Сонирхуулахад 1992 онд Монгол Улсын төр засгаас онцгой анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн Ханхуур залах” зарлиг, 2002 онд “Монгол хуураа дээдлэн дэлгэрүүлэх” зарлиг, 2002 оноос Г.Жамъяангийн нэрэмжит мэргэжлийн Морин хуур тоглоочдын уралдаан, мөн онд “Морин хуурын төлөө” нэрэмжит шагнал, 2005 онд “Морин хуур, Уртын дуу” үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж, 2004 онд ЮНЕСКО-ийн дэлхийн оюуны биет бус соёлын өвийн дээжист Морин хуур бүртгэгдсэн юм. Харин 2008 онд Дэлхийн морин хуурын холбоог байгуулсан байна.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-нд эхлэх гэж буй “Морин хуурын олон улсын наадам”-ын хөтөлбөрийг хүргэж байна.
Дөрөвдүгээр сарын 26
16:00 Наадмын нээлт /Чингисийн талбай/ Соёлын төв Өргөө
Дөрөвдүгээр сарын 27
09:00-16:00 Морин Хуур сонирхогчдын уралдаан I шат /Монгол Улсын Филармони/
18:30 БНХАУ Морин хуурчдын тоглолт /Монгол Улсын Филармони /
21:00 Хууртай үдэш
Дөрөвдүгээр сарын 28
09:00-16:00 Морин хуур сонирхогчдын уралдаан I шат /Монгол Улсын Филармони/
18:30 Япон морин хуурчдын тоглолт /Монгол Улсын Филармони/
21:00 Хууртай үдэш
Дөрөвдүгээр сарын 29
09:00-16:00 Морин хуур сонирхогчдын уралдаан II шат /Монгол Улсын Филармони/
18:30 АНУ, БНГУ, ОХУ Морин хуурчдын тоглолт /Монгол Улсын Филармони/
21:00 Хууртай үдэш
Дөрөвдүгээр сарын 30
08:00-12:00 Морин хуур урлаачдын уралдаан /Монгол Улсын Филармони/
14:00 Эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг /Хөгжим Бүжгийн Коллеж/
18:00 Мастер Класс /Хөгжим бүжгийн коллеж/
Тавдугаар сарын 1
16.00 Наадмын хаалт
Хүндэтгэлийн хамтарсан тоглолт /Соёлын төв өргөө/