Олон улсын хэмжээнд Элсэлтийн Ерөнхий шалгалтын үнэлгээг хийхдээ шалгуулагчдын хэмжээст онооны давхар хамаарлуудыг шугаман болгон хялбарчилж, гадаад дотоод хүчин зүйлийн хамаарлуудыг бүтцийн тэгшитгэлд шилжүүлэн тооцоолж боловсруулдаг SРSS, АМОSН зэрэг программуудыг ашигладаг байх юм. Гэтэл эдүгээ цагийн ийм нарийн тооцоолбор, ажлын программ байсаар байтал зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дунд сургуулиудын чансааг зөвхөн таван хичээлээр төлөөлүүлэн дүгнэж гаргасан нь олон нийтийг төөрөгдөлд оруулж байна. Тиймээс үнэнийг мэдээллэх үүргийнхээ дагуу Боловсролын үнэлгээний төвийн 2013 оны ЭЕШ-ын тайлангийн бодит тоон үнэлгээ, хичээл тус бүрийн шалгалтын материал дахь анализ, шалгуулагчдаас авсан санал асуулгын үр дүнгийн үзүүлэлтийг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн программын дагуу боловсруулж гаргаснаа дор сийрүүллээ.
Өнгөрөгч онд 42 мянга 572 сурагч дээрх арван хичээлээр Элсэлтийн Ерөнхий шалгалт өгсөн байна. Уншигч таны харж байгаагаар төгсөгчдийн олонх нь математик, физикийн хичээлийг сонгон шалгалт өгчээ. Энэ нь уул уурхай, мэдээлэл зүй, банк санхүү, зам барилгын инженер, техникийн чиглэлийн мэргэжлүүдийн эрэлт болоод багш бэлтгэх их, дээд сургуулиудад 750 ба түүнээс дээш оноотой элссэн элсэгчдийн төлбөрийг 100 хувь чөлөөлөх Засгийн газрын тогтоолтой холбоотой байж болох. Түүнчлэн Нийгмийн тухай мэдлэг, Монгол хэлний хичээлээр шалгалт өгсөн суралцагчдын тоо нэлээдгүй өндөр гарсан нь сүүлийн хориод жилд байгуулагдсан дээд сургуулиудын элсэлтийн сул орон зайтай холбоотой байх үндэстэй. Харин Орос хэл, Монголын түүх гэх мэт хичээлүүдээр төгсөгчид тэр бүр шалгалт өгдөггүй нь харагдаж байна. Үүнийг Монголын түүх суурьтай мэргэжил ховор, дээр нь өрсөлдөх орон зай маш бага байдагтай холбон тайлбарлаж болно. Орос хэлний хичээлийн хувьд ч мөн адил шалтгааныг дурдаж болох юм.
Томоор үзэх бол зураг дээр дарна уу.
Дээрх зурагт Улсын хэмжээний шилдэг 15-н улсын болоод хувийн сургуулиудыг жагсаасан юм. Ингэхдээ Элсэлтийн Ерөнхий шалгалт өгсөн сурагчдын арван хичээлийн шалгалтын дунджаар бодож хариуг гаргасан. Учир нь тухайн суралцагч болоод багш нар оюуны хөдөлмөрөө шавхан байж шалгалт өгч, дээгүүр амжилт гаргасан байхад эхний тавыг нь аваад үлдсэн тавыг нь орхигдуулна гэдэг судалгааны үр дүнд сөргөөр нөлөөлнө. Энэ нь нэг үгээр хэлбэл буруу хариулт гаргана гэсэн үг.
Дээр нийтэлсэн шилдэг 25 дунд сургуулийн 17 нь хувийн, найм нь улсын дунд сургууль байна. Үүнээс харахад улсын сургуулийн нэг багшид оногдох хүүхдийн тоо хэт их байгаа нь сургалтын чанарт нөлөөлж байгаа гэж ойлгож болохоор юм. Түүнчлэн улсын сургуулийн хүүхдүүд нэг хичээл дээр олноороо шалгалт өгдөг нь ерөнхий дундаж оноог буурахад хүргэж байгаа бас нэгэн шалтгаан ажээ.
ЭЕШ-ын зарим нэг хичээлийн дундаж оноогоор эхний 20-т багтсан боловч бусад хичээлийн дундаж оноо багаас шалтгаалан шилдэг 25-д багтахгүй байгаа нь тухайн сургуулийн сургалтын бодлого алдаатай байгааг илэрхийлдэг гэнэ. Сүүлийн үед нэг хичээлийг тахин шүтэж, бусад хичээлийн чанарыг орхигдуулан шалгуулагчдыг хохироодог үзэгдэл их байгаа тухай эцэг эхчүүд гомдоллох болсон. Энэ нь нэг талаараа ор үндэсгүй зүйл биш юм. Хүүхдэдээ чанартай боловсрол олгох гэсэн эцэг эхийн санаа бодлыг сонсоход тэдний олонх нь “Төлбөр өндөртэй л бол сайн” хэмээн ойлгодог гэсэн байна. Гэтэл угтаа нэр чухал уу, чанар чухал уу гэдэг хамгийн том асуудал. Нийслэлд бүх талаараа жигд сургалттай сургууль хэр олон байна вэ. Ингээд бодохоор хуруу дарам цөөн. Тэр цөөн дундаа улсаасаа илүү хувийн сургуулиуд олон байгаа нь нэгийг хэлэх шиг.
Боловсролын үнэлгээний тайланд бас нэгэн сонирхол татсан зүйл гарсан нь элсэгчдийн жагсаалт дунд БҮТ/гадаад/ гэх нэр томъёо байв. Энэ бол Боловсролын үнэлгээний төвөөс оролцсон төгсөгч. Бүр тодруулбал өмнөх жилийн төгсөгч ахин шалгалт өгч байгааг илэрхийлж байгаа хэрэг. Тиймээс энэ төгсөгч хэдийгээр өгсөн шалгалт бүртээ өндөр оноо авч, манлайлсан ч тухайн оны төгсөгч биш учраас бидний судалгаанд ороогүй гэдгийг хэлье.
Ахин хэлэхэд та дээрх зургуудыг сайн хараарай. Энэ бол ямар нэгэн албан тушаалтны явуулгаар бус та бүхний адил хүүхдээ хаана сургах вэ гэж бодож байгаа эцэг, эхийн хүсэлтээр, мэргэжилтнүүдийн хэдэн өдөр нойргүй суун байж гаргасан үр дүн. Энэ дунд таны хамгийн сайн гэж боддог сургууль чинь байхгүйд бүү бухимдаарай. Бодит үр дүн ийм л байна. Ер нь улс, хотын олимпиадуудад өндөр амжилт үзүүлдэг сургуулиуд эхний 25-д жагсаж чадахгүй байгаа нь зөвхөн лидерүүддээ хэт их анхаарал тавиад гол масс шалгуулагчдаа орхигдуулж буйтай холбоотой. Иймэрхүү байдлыг сургалтын арга барилаа болгосон 20 орчим сургууль байсныг энд дурдах нь зүй.
Уг нь иймэрхүү олон нийтэд зориулсан судалгааны ажлыг холбогдох албаны хүмүүс хийх ёстой боловч тайлан маягийн зүйл гаргасан болчхоод таг дуугүй. Түүнийг нь ашиглаж элдэв худал мэдээлэл тараагсад ч захаас эхлээд замаар нэг байна. Гэтэл үүний гайгаар хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх гэсэн эцэг эхчүүд болоод ид сурч, мэдэх дээрээ яваа хүүхдүүд хохирсоор…
Эцэст нь хэлэхэд хүүхдийн дунд ангийн боловсрол гэдэг ирээдүйд ямар хүн болохыг нь тодорхойлж байдаг. Энэ үед нь л хүүхдүүдээ зөв зам руу нь чиглүүлэхсэн…