Дэлхийн хамгийн өндөр барилга, хамгийн өндөр нуман гүүр гээд дэлхийн хамгийн хамгийн гэх олон гайхамшгийг багтаасан Дубайд дахин нэг хамгийн хамгийн удахгүй нээгдэх гэж байна. Энэ сарын 27-нд нээлтээ хийх Dubai World Central-Al Maktoum олон улсын нисэх онгоцны буудал нь дэлхий дээрх хамгийн том онгоцны буудал болох учиртай. Эхний ээлжинд тус нисэх онгоцны буудал нь зөвхөн тээврийн онгоц хүлээх авах бөгөөд зорчигч тээврийн үйлчилгээ нь 2011 оны гуравдугаар сараас эхлэх ажээ. Харин дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудалд газардах анхны онгоц нь Emirates Airline компанийн онгоц байх гэнэ.
Сүүлийн хэдэн сарын турш тасралтгүй шалгалт, туршилт хийсний дүнд эхний үйлчлүүлэгчээ хүлээн авахад бэлэн болжээ.
Дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудлын Phase 1 нь л гэхэд Airbus А380 онгоцны багтаамжтай нэг зурвас, 64 алсын нислэгийн түр зогсоол, жилдээ 250 мянган тонн ачаа тээвэрлэх ачааны терминаль болон таван сая зорчигч хүлээн авах зорчигчийн терминальтай байх ажээ. Харин бүрэн хэмжээгээр ашиглалтад орсны дараа Dubai World Central-Al Maktoum нисэх онгоцны буудал нь таван зурвастай, дөрвөн терминальтай болох бөгөөд жилд 12 сая тонн ачаа болон 160 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай болох гэнэ.
С.Цэлмэг