“Apple” компанийн хамгийн сүүлд гаргасан “iPhone” гар утас Японы Токио хотод өнөөдөр худалдаанд гарч хэдхэн цагийн дараа дэлгүүрүүдэд байгаа нөөц нь дуусч байгаа талаар мэдээллээ. “Apple”-ийн нэрийн бүтээгдэхүүнийг зардаг “Softbank” компанийн дэлгүүрийн гадаа 300 гаруй хүн эгнэж зогсч байна гэж “Ассошиетэд Пресс” агентлаг Токиогоос мэдээллээ. Хот даяар олон зуун хүн гар утас зарж байгаа дэлгүүр, гар утасны цэгүүдийн гадна дугаарлан зогссон байна. Өнөөдөр “iPhone” гар утсыг “Apple” компани дэлхийн олон улсад нэгэн зэрэг худалдаанд гаргаж байгаа бөгөөд Японы хэрэглэгчид өглөөний 07 цагаас худалдаж авч эхэлсэн байна. АНУ, Франц, Их Британи, Герман зэрэг улсуудад өнөөдөр мөн “iPhone” худалдаанд гарах болно.
Хоёр жилийн өмнө “iPhone” гар утсыг Японд худалдаанд гарах үед Японы худалдаанд байдаг бусад гар утаснууд илүү олон функцтэй тул хэр сайн борлогдох талаар хүмүүс эргэлзэж байсан ч тун амжилттай борлогдсон. “iPhone” гар утасны сүүлийн загвар нь илүү нимгэн, дэлгэцийн нягтрал сайтай, баттерей нь илүү удаан барьдаг болсон байна.
Т.Бадрах