
Ираны цөмийн мэргэжилтнүүд 17 кг ураныг 20 хувиар баяжуулж чадсанаа зарласан тухай Reuters мэдээлжээ.
Ираны цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи (Ali Akbar Salehi) сар бүр тийм хэмжээгээр баяжуулсан таван кг уран баяжуулах боломжтой болсноо мэдэгдсэн байна. “Бид хаашаа ч яараагүй” гэж тэрэ хэлжээ.
Хэрэглээнээс илүү уран баяжуулах нь утгагүй гэдгийг тэрээр хэлэхдээ бид ураны бүх нөөцөө 20 хувиар баяжуулахгүй гэж тэрээр онцолсон байна. Түүний хэлснээр хорт хавдрын эмчилгээг хийж байгаа Тегераны эмнэлгийн гэх цөмийн тогоонд сардаа бүтэн хагас кг түлш хэрэгтэй гэсэн байна.
Иранд цөмийн бөмбөг бүтээхийн тулд ойролцоогоор 200 кг ураныг 90 хувь хүртэл баяжуулахад хангалтай гэж Лондоны олон улсын судалгааны төвийн шинжээч Марк Фитцпатрик дүгнэж байна.
Энэ оны зургадугаар сарын 9-нд НҮБ шинэ тогтоол гарган Ираны эсрэг ээлжит хориг арга хэмжээг авсан юм. Үүнээс долоо хоногийн дараа Иран судалгааны шинэ цөмийн тогоог ажиллуулж эхэлснээ зарласан байна.
Мөн зургадугаар сарын 21-нд Иран өөрийн нутагт Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн хоёр шинжээчийг оруулсангүй. Тэд шалгалтынхаа нууц материалыг хэвлэлд өгсөн гэж Тегеран шинжээчдийг буруутгажээ.