МакКристал халагдаж, Петраеус дэвшлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

МакКристал халагдаж, Петраеус дэвшлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистан дахь Америкийн цэргийн захирагч генерал Стэнлэй МакКристалыг халж, оронд нь хатуу сахилга баттай генерал Дэвид Патраеусыг томилсон талаар “Associated Press” агентлаг мэдээллээ. Генерал Стэнлэй МакКристалын “Rolling Stones” сэтгүүлд өгсөн ярилцлага нь цэргийн салбарыг иргэний удирдлага хянах ёстой гэсэн ардчилсан зарчимтай харшилдаж байна гэж Обама эрс шүүмжилсэн байна. Обама Афганистан дахь захирагчийг Цагаан ордондоо дуудаж авчран биечлэн уулзаад түүнийг халж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Обама “Энэ бол хүний нөөцийн өөрчлөлт болохоос бодлогын өөрчлөлт биш” гэж ярьжээ. Одоо Афганистанд АНУ-ын Армийн 90,800 цэрэг байрлаж байна.

Петраеус Америкийн алдартай цэргийн албан хаагч бөгөөд 2007 онд Иракт алба хашиж байхдаа нэрд гарсан. Түүний босогчдын эсрэг санаачилсан стратегийг одоо Афганистанд хувирган ашиглаж байгаа юм. Петраеус хариуцлагатай гэдгээрээ алдартай бөгөөд цэргийн үйл ажиллагааг газар дээрээс нь удирддагаараа зартай. Өнгөрсөн жил тэрбээр жилийн 300 хоногийг цэргийн удирдах ажлаар ийш тийшээ явж өнгөрөөсөн бөгөөд Конгресст илтгэл тавих гэж байхдаа хэт ядарснаасаа болж түр хугацаагаар муурч унасан гэдэг. Өнгөрсөн долоо хоногт Конгресс дээр болсон сонсголын үеэр Петраеус АНУ-гийн цэргийг 2011 оны долдугаар сараас эхлэн Афганистанаас буцаан гаргахыг хойшлуулах тухай Ерөнхийлөгч Обамагийн саналыг дэмжиж байгаа гэж ярьж байжээ. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн хэвлэлийн төлөөлөгч Вахлийд Омар “тэр бол итгэж болох түнш” гэж Петраеусын  талаар ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж