Амгалан дулааны станц ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн 20 гаруй мянган айл өрхийн дулаан хангамжийг шийдвэрлэх боломжтой болох юм. Төслийн ажил өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд эхэлсэн. Суурийн ажил 80 гаруй, хувьтай, тоног төхөөрөмжийн 70 гаруй хувь нь газар дээрээ ирээд байгаа, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил 20 гаруй хувьтай байгаа юм байна. Яг одоо барилга угсралтын ажил ид явж байна.
“Карказын ажил ерөнхийдөө дуусаж байна. Ирэх долоо хоногоос хоёрдугаар ээлжийн карказ зуухны ажлыг эхлэнэ. Нэг сарын дотор бүх карказын ажлыг хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ажил жигдрээд ирмэгц гурван ээлжээр 24 цагийн турш ажиллах төлөвлөгөөтэй. Яндангийн ажил хугацаанаасаа өмнө эхлээд баригдаад явж байна. БНХАУ-д манай гурван зуух 100 хувь угсрагдаад нааш нь ачуулсан” гэж Амгалан ДС-ын Ашиглалтын өмнөх захиргааны төслийн нэгжийн удирдагч Б.Баттөмөр танилцууллаа.
“Энэ оны аравдугаар сарын 15-нд эхний ээлжийн зуухыг галлах ёстой. Нийтдээ гурван зуухаас бүрдэх энэ ДС- барилга байгууламжын ажил энэ оны арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд дуусч бүрэн ашиглалтанд орох юм. Ингэснээр Баянзүүрх дүүргийн хэмжээнд одоо ажиллаж байгаа 86 уурын зуух хаагдаж, агаарын бохирдол тэр хэмжээгээр буурах боломж бүрдэнэ” гэж Эрчим хүчний сайд М.Сономпил сэтгүүлчдэд хэллээ. Өнөөдрийн байдлаар ДЦС-4-өөс гарсан дулаан 6-8 цагийн дараа Баянзүрх дүүрэгт ирж байна. Шинэ дулааны станц ашиглалтанд орсноор дулааны алдагдал үүсэхгүй байх сайн талтай гэж сайд нэмж хэллээ.
Амгалан дулааны станцыг барихад БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Төрийн өмчит “China Mashining Engineer Corporation” компани хамтран ажиллаж байна. Тус компани нь Турк зэрэг олон оронд иймэрхүү томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийж байсан туршлагатай юм байна.
“Энэ ДС ашиглалт орсноор 90-100 хүн тогтмол ажлын байртай болох учиртай. Манайд энэ станцыг аваад явчих мэргэжилтэй боловсон хүчин хангалттай байгаа” гэж Амгалан ДС-ын Ашиглалтын өмнөх захиргааны төслийн нэгжийн удирдагч Б.Баттөмөр хэллээ.
Эрчим хүчний сайдын дараагийн очсон газар нь ДЦС-3 ТӨХК байлаа. ДЦС-3 -ын 50 МВт-ын өргөтгөлийн ажил өнөөдрийн байдлаар 90 хувьтай явж байна. “Одоо барилга угсралт, тоног төхөөрөмжийн угсралт, шугам хоолой, цахилгаан, дулааны удирдлага хяналт түүнийг угсарч суурилуулах ажил хийгдэж байна. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлт 2013 оны есдүгээр сард бүрэн дууссан. Шинэ үйлдвэрлэсэн генераторыг 2013 оны арваннэгдүгээр сард хүлээн аваад одоо угсралтын ажил хийж байна. Барилгын өргөтгөл, угсралт, суурилуулалтын ажил ерөнхийдөө дууссан. Тоног төхөөрөмжийн суурилуулалт 98 хувьтай явж байна. Хөргөх цамхагийн угсралтын ажил дуусаад дотор шугам хоолойны байгууламжын ажил хийгдэж байна” гэж ДЦС-3 ТӨХК-ний гүйцэтгэх захирал Д.Чимиддорж танилцууллаа.
Энэ өргөтгөл ирэх зургадугаар сард ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж байгаа 12 давхар 95 барилга 4500 орчим айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэх юм. Түүнчлэн нэ төсөл хэрэгжсэнээр богино хугацаанд, бага зардлаар эрчим хүчний системийг чадлын дутагдлаас гаргах боломжтой болох бөгөөд дараагийн шатны шинэчлэлийг хийх нөхцлийг бүрдүүлэх давуу талтай юм.
ДЦС-4-ийн хувьд 126 МВт-ын өргөтгөлийн ажил явагдаж байна. “Төлөвлөсөн ажил графикийн дагуу зохих ёсоор явж байна. 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр өргөтгөлийн ажлыг дуусгаж, байнгын ажиллагаанд оруулна. Барилга, угсралтын ажлыг есдүгээр сард дуусгаж, үлдсэн хугацаанд туршилтын ажлаа хийдээд ашиглалтанд оруулна” гэж ДЦС-4 ТӨХК-ний гүйцэтгэх захирал Б.Цэвээн хэллээ. Ингэснээр нийслэлийн 5 мянга гаруй айлын орон сууцыг дулаанаар хангах боломж бүрдэх юм.
Эрчим хүчний салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын явцтай танилцсаны дараа Эрчим хүчний сайд М.Сономпил хэлэхдээ “Бүтээн байгуулалалтын ажил бүх газруудад ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй, графикт төлөвлөгөөний дагуу явж байгаа нь сайшаалтай. Аль болохоор хугацаа алдахгүйгээр, чанартай сайн гүйцэтгэх нь чухал байна. Өнөөдөр танилцсан эдгээр бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор шинээр нийтдээ 588 гкал дулааны эх үүсвэртэй болох юм. Ингэснээр Улаанбаатар хотын дулаан цахилгааны асуудлыг бүрэн шийдэхэд маш том түлхэц болж өгнө” гэлээ.