Хаяг, шошгын зөрчилтэй 12 мянган шил архийг битүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Хаяг, шошгын зөрчилтэй 12 мянган шил архийг битүүмжилжээ

-Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн 60 хувь нь хуурамч архи үйлдвэрлэж байжээ-

Архины хордлогоор өнгөрсөн хоёрдугаар сард дөрвөн хүн амь насаа алдсан хэрэг гарсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас согтууруулах ундаа үйлдвэрлэн, худалддаг аж ахуйн нэгж, үйлдвэрүүдэд шалгалт хийсэн байна. Энэ шалгалтын дүн албаныхан өнөөдөр танилцууллаа.

Улсын хэмжээнд спиртийн ес, архины 57, шар айргийн ес, дарсны 10, нийт 95 үйлдвэр тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаагийн шалгалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хамруулан согтууруулах ундааны 31 үйлдвэр /архины 25, спиртийн зургаа/, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 5078 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулжээ. 

Шалгалтаар согтууруулах ундааны үйлдвэрүүдийн 60 гаруй хувь нь магадлан итгэмжлэгдээгүй лабораторитой, шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээ зах зээлээс буцааж татан авах журмыг хэрэгжүүлдэггүй, гарал, үүсэл нь тодорхойгүй, хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи худалдсан зөрчил илэрчээ. Харин эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудад худалдаалж буй спирт нь цувралын дугааргүй, хугацаа, үйлдвэрлэгч тодорхойгүй, зарцуулалтад тавих хяналт, анхан шатны мэдээ бүртгэл хөтлөлт хангалтгүй, 38 дээжид шинжилгээ хийхэд 42 хувь нь чанарын шаардлага хангахгүй байжээ.

Ийнхүү шалгалтын явцад  архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн нэгж болон эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийт 117 зөрчил илрүүлж, хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэн, 151 дээжийг шинжилгээнд хамруулсан байна. Мөн стандартын шаардлага хангаагүй 85 шил, хадгалалтын хугацаа дууссан 1071 шил архи, 849 ширхэг шар айраг, найман шил дарсыг устгаж, зөрчил гаргасан 11 иргэн, хуулийн этгээдэд торгууль ногдуулжээ. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй байсан зургаан мухлагийн үйл ажиллагаа зогсоож, нэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүлсэн байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж